УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгээс Г.Уянга, Л.Цог нар гарсныг хүндэтгэж байгаагаа мэдэгдэж, одоогоор өөрөө бүлгээсээ гарах эсэхээ шийдээгүй байгаа гэлээ. Түүнчлэн тэрбээр УИХ-ын дэд дарга болохгүй хэмээн мэдэгдэв.

Учир нь УИХ-ын гишүүн Л.Цог тус эвслийн бүлгээс гарснаар УИХ-ын дэд даргын ажлаа хүлээлгэн өгөхөд хүрч байгаа юм. Тиймээс "Шударга ёс" эвслийн бүлэг хуулинд заасны дагуу бүлгээсээ УИХ-ын дэд даргад нэгнийгээ санал болгон оруулна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ тухайд, "УИХ-ын дэд даргын албан тушаалд очих бол юу хийх вэ, юу бүтээх вэ гэдэг нь тодорхой хүн очих ёстой. Өөрөөр хэлбэл, тэр албан тушаалд ажил хийх хүн л хэрэгтэй. Надад УИХ-ын дэд дарга болоод юу хийх нь ойлгомжгүй байна. Тэгээд ч миний хувьд дэд дарга болно гэдэг хууртаад, хөөрцөглөөд явах нас ч, цаг ч биш. Намайг УИХ-ын дэд дарга болгоно гэдэг саналыг намаас хэн ч гаргаагүй, би болъё гэдэг санал ч тавиагүй" гэв.

Түүнчлэн тэрбээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудсан дуудлагаа цуцлаагүй гэдгээ мэдэгдээд мэтгэлцээний хугацааг 4 дүгээр сарын 23 болгон нэг сараар хойшлуулсан гэлээ. Хэрэв зарласан цагт ирээгүй тохиолдолд түүнийг тойрогтоо ажиллах үед нь сонгогчдын дунд мэтгэлцээнээ зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа хэллээ.

 

Б.Туул

http://montsame.mn/