“Популистуудыг дэмжсэн хэвлэл, мэдээллийн байгууллагыг бизнесийн том компаниуд дэмжихгүй” хэмээн ажил олгогч, бизнес эрхлэгч, татвар төлөгчдийн том холбоод нийлж мэдэгдэл гаргасан нь нэлээн шуугиан тарилаа. Яагаад бизнесийнхэн попуудад биш хэвлэл мэдээллийнхэнд хандаж ийм мэдэгдэл гаргахад хүрэв.

Ер нь популистууд гэж хэн бэ? Тэд ард түмний хүүгийн дүр бүтээж, тэдэнд хэзээд зарагдахад бэлэн эерэг дүр бүтээж амьдардаг. Тэд хүмүүсийн итгэл үнэмшилд тулгуурлан хямралаас гарах хялбар, хөнгөн, хурдан шуурхай арга замын тухай ярьдаг. Тэд чухал асуудлыг хялбарчлан урьдаар шийдээд, түүнийгээ бодит мэтээр ярьж хөрөнгө чинээлэг давхарга болон төр засгийн зүг хүмүүсийн гомдол, уур бухимдлыг хандуулах тал дээрээ туйлын чадмаг. Ер нь бол ард түмний горьдлого найдлага, сэтгэлийн хөөрөл дээр тоглож байдаг хүмүүс юм. Популистуудын уршиг ямар байдгийг Детройт хотын дампуурлаар бид харж байна. Өнөө сонгодог ардчиллын үлгэр жишээ болдог Америкт бас ийм болдгоо хэмээн гайхаж, манай нэг сэтгүүлч давхиж очоод сурвалжлаад ирж байсан. Машин механизмын үйлдвэрлэлээрээ дэлхийд гайхагдаж байсан хөгжилтэй хотыг популистууд удирдсанаас баахан бэлэн мөнгө төгрөг амлаж, үйлдвэрчний эвлэлүүдийг хөөрөгдөж, хөрөнгө чинээтэй хүмүүсийг үзэн ядах хөдөлгөөн өрнүүлж, тэдний эсрэг бодлого явуулж эхэлжээ. Үр дүнд нь хөрөнгө оруулагчид, үйлдвэрлэгчид тэр хотоос гараад явчихсан. Үлдсэн хэд нь дамуурлаа зарлаад сууж байна.

Манай популистууд одоо яг ийм зүйл хийж байна. Улс төр эрхзүйн соёл бүрэн төлөвшөөгүй улс оронд популизм маш өргөн хүрээтэй хурдан тархдаг нь үнэн аж. Зээл, бондын зарцуулалт, “Таван толгой”, “Оюу толгой” гээд хамгийн том бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг Г.Уянга, С.Ганбаатар тэргүүтэй популистууд зогсоож, саад болж чадлаа. Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засаг эрчимжиж, хүмүүс ажил орлоготой болж, амьдрал сайжирч, нийгэм маань гэрэл гэгээтэй болж ирэнгүүт эдгээр популистууд шүлсээ үсчүүлэн хашгирсаар байгаад зогсоогоод авсан билээ. Энэ бол популистуудын оргил үе байлаа. Тэдний ингэж хашгирсны үр дүнд өнөөдөр манайхаас гадны хөрөнгө оруулагчид зугтаад гараад явчихсан. Үлдсэн бид ажилгүй, мөнгөгүй, өнгөгүй сууж байгаа шүү дээ.

Хөрөнгөтний нийгэмд мөнгө төгрөг байж л ажил өрнөдөг. Зардал гарч байж орлого олдог. Энэ бол хууль. Харин популистуудад шүлснээс өөр юу ч байхгүй ядуу хоосон. Тэгвэл яагаад тэдний хэлсэн үг биелж амжилт олоод байна вэ. Ямар учраас тэд том том бизнесийн төслүүд, бүтээн байгуулалтуудыг зогсоож чадаад байна вэ. Яагаад гэвэл хэвлэл мэдээллийнхэн тэднийг нийгэмтэй холбох маш том гүүр, туслагч нь болж байдаг. Популистуудын ялалтын галыг өдөөж, газар авахуулан дүрэлзүүлэгч салхи нь сэтгүүлчид юм. Ийм учраас л аргаа барсан бизнесийнхэн популистуудыг дэмжсэн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд реклам сурталчилгаагаа тавьж санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй гэж мэдэгдэж байхав. Популистууд сэтгүүлчидтэй нийлэхээрээ дийлдэхээ больж байна. Хийж бүтээж байгаа бүхнийг үгүйсгэж, хөрөнгө мөнгөтэй хэсгийг үзэн ядаж, хүмүүст төрөөс зүгээр мөнгө тараахыг шаардаж байна.

Монголын хэвлэл мэдээллийн байгууллага бүгд шахам хувийнх, хөрөнгө мөнгөтэй хэсгийнхний мэдэлд байдаг. Үндэсний радио, телевиз л олон нийтийнх. Тийм болохоор эзэд өөрсдийн бизнест буюу эзэмшдэг хэвлэл мэдээлэлдээ хариуцлагатай хандмаар санагддаг юм. Хөрөнгөтнүүдийн хөрөнгийг хурааж, дүүжилж утсга гэсэн үзэл санаатай нийтлэл, нэвтрүүлэг нийтэд түгээхийг хориглож, тээг саад болж баймаар байна. Үүнийг л хариуцлагатай бай гэж хэлж байгаа юм. Түүнээс биш бүх нийтлэл, нэвтрүүлэгтээ оролцоод, хяналт тавиад бай гээгүй. Гадны хөрөнгө оруулалт, үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид, хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүсийн эсрэг үзэл санааг дэвэргээд байх юм бол бид тун удахгүй өвдгөө тэврээд л хоосон хоцорно. Одоо ч бараг тийм цагийг үзэж байна даа.

Популистуудын ярьсан болгоныг түгээн дэлгэрүүлэхийн хор уршиг нь эргээд бидэнд хангалттай мэдрэгдэж байна. Хөрөнгө оруулалтаас эхлээд хүний эрх, эрх чөлөөнд тээг тавьж, магадгүй эргээд социализм руугаа орох нь. Үүний гол өдөөгч нь сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн.

Өөрийнх нь мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрсдийг нь доромжилж байхад эзэд мэддэг ч мэдээгүй юм шиг дүр эсгэдгээ одоо больчих. Элит гаралтай чинээлэг айлын эзэмшдэг хэвлэл дээр “таргалалт бол баячуудын өвчин. Муусайн баячуудыг ингээд үхээд дуусаасай гэж бодож байтал ядуус бидэнд хүртэл тусдаг боллоо...” гэж бичсэнийг уншиж байлаа. Нэрэлхээд байх юу байхав, өөрсдийг нь үхээсэй гэж ингэж бичихийг хориглох л ёстой. Бид эргэлт буцалтгүй капиталист нийгэмд шилжиж орсон. Энэ нийгмийнхээ дүрмээр л явах хэрэгтэй.

Хэдхэн сарын дараа орон нутаг болон УИХ-ын сонгууль болно. Энэ сонгуульд шүлснээс өөр юмгүй популистуудыг хэвлэл, мэдээллийнхэн дэмжихгүй байх хэрэгтэй шүү. Хэвлэл, мэдээллийнхэн ингэж сайн дураараа дэмжихгүй байж чадвал тэдний шүлс метрээс илүү хол үсрэхгүй. Ингэж чадаж гэмээнэ бид нийгмээ хоосон амлагч популистуудаас цэвэрлэх болно. Хоосон шударга хүн гэж байдаггүйг бид бэлхнээ харлаа. Хоолтой хүнээс нь шударга ёс, ёс суртахуун гардаг юм байна. Яахав, тэдний тухай нийгмийн сүлжээгээр жаахан бичнэ биз. Твиттер, фэйсбүүк гэдэг хүүхэд, хүүхнүүдийн зугаа төдий л зүйл. Энүүгээр сонгуульд нөлөөлдөг юм гэж юу байхав дээ.

Г.ДАРАМСҮРЭН