Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Л.Гансүх нарт холбогдох хэргийг өчигдөр шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцэв.

Б.Мөнгөнтуяад холбогдох Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгалаа.

Мөн Л.Гансүх нарт холбогдох хэргээс нүүрсний жингийн зөрүү, нүүрс шигшиж ангилах тоног төхөөрөмжийн түлшний зардал, тоног төхөөрөмж түрээсийн зардалтай холбоотой хохирол учруулсан гэх зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон байна. Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүх “... нүүрсний үнийн зөрүүнээс 1 тэрбум 730 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэснийг 1 тэрбум 130 гаруй сая төгрөг болгон өөрчилсэн юм.

Хуралдаанаас Л.Гансүхэд анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан ялыг улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сар хорих ял болгон өөрчилсөн байна. Харин Н.Даваахүүд төрийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 15 сая 360 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, цагдан хоригдсон 44 хоногийг тухайн үеийн нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцүүлэн хасч, торгох ялын хэмжээг 6 сая 912 000 төгрөгөөр тогтоов.

Тэгвэл уг шүүх хурлын дараа Н.Алтанхуяг "Намайг Ерөнхий сайдаас огцруулах гэж эхлүүлсэн улс төрийн захиалгаа зогсоохгүй байна" гэлээ.