Улс төрчид сандал суудлаасаа салахгүй хэмээн тас зуурах шахам яваа. Жил бүрийн сонгууль дажин ихтэй болдог. Энэ жилийн сонгууль их сонирхолтой сонгууль болж мэдэхээр байна. УРЛАГИЙНХАН улс төр рүү үсэрсэн түүх урьд хожид дуулдаагүй. Тэгвэл өнөө жилийн сонгуульд бие даан нэр дэвшигч улс төрчдийн хүчтэй өрсөлдөгч нь дуучид байх нь.

Үе үеийн сонгуульд нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болж байсан хүмүүс эдийн засагч, инженер, багш, хуульч, эмч, зохиолч сэтгүүлч мэргэжилтэй байжээ. Харин дуучин буюу урлагаас улс төрч болсон түүх үгүй юм. Энэ түүхийн хуудсыг дуучид нэмэхээр албан ёсоор мэдэгдлээ. Хамгийн эхний зоригтойгоор Баянгол дүүрэгт нэр дэвшихээр хүч үзнэ гэдгээ дуучин Нара буюу иргэн М.Нарантуяа олон нийтэд дуулгасан. Тэрбээр олон улсын худалдаа, эдийн засагч болохоор хоёр жил гаруй суралцаад Япон улсын урлагийн сургуульд суралцаж дуучин болсон. Түүнд дор хаяж өдөрт 10 гаруй хүн фэйсбүүкээр тусламж гуйсан хүсэлт ирдэг байсны улмаас нийгмийн тогтолцоог өөрчлөхөөр хөрсөн дээр буух хуулийг санаачлан нэр дэвшихээр шийдсэн гэдэг.

Цахим ертөнцөд түүнийг дэмжигчид цөөнгүй байсан бол өдгөө хүчээ авч байна. Шүүмжлэгчид дэмжигчдийнх нь дайралтад дарагдаж буй юм. Энэ хаврын дуулиан шуугиан салахгүй байсаар сонгууль болох нь ээ. Дуучин бүсгүйн араас нэгэн үе залуусыг уран бүтээлээрээ уярааж явсан Becky Сүхбаатар дүүргийн тойрогт бие даан нэр дэвшиж өрсөлдөх болсоноо мэдэгдэв.

"Залуус бидний шинэ цаг эхэллээ. Бидний шинэ үе, шинэ давалгаа, түрлэг эхлүүлэх цаг хэдийнэ болсон. Залуусаа нэгдье" гэсэн уриалан сонгууль хүч үзэхээ олонд дуулгах нь тэр. Тэрбээр “Ротаракт” хөдөлгөөний олон улс дахь албан ёсны төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа.

Бид Урлагийнхан улс төр рүү үсрэн тэмүүлж, улс төрчид нь урлаг рүү орох гэж зүтгэсэн цагт амьдарч байна даа.