Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас УБТЗ-ын Зорчигч үйлчилгээний төвд шалгалт хийн гурван зөрчил илрүүлж, арилгуулсан байна.

1.Зам, тээвэр, аялал жуулчлалын Сайдын 2008 оны 05 дугаар сарын 27–ны өдрийн 88 дугаар тушаалаар баталсан “Төмөр замаар зорчигч, тээш, ачаа тээш тээвэрлэх дүрмийн 2.12 дах “Зорчигч тасалбараа гээгдүүлвэл нөхөн олгохгүй ба төлбөрийг буцааж олгохгүй” гэсэн заалтаар тасалбараа хаяж гээгдүүлсэн тохиолдолд үнийн дүнг дахин төлж шинэ тасалбар худалдан авдаг байсныг ШӨХТГ-ын шаардлагын дагуу болиулсан бөгөөд тухайн иргэн бичиг баримттайгаа ирэн дахин авах боломжтой юм.

2. Улаанбаатар Төмөр Замын Даргын 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А-140 тушаалын дагуу тасалбар худалдахдаа цагаан хэрэглэлийн болон цайны үйлчилгээний үнийг зорчигчийн зөвшөөрөлгүйгээр авдаг байсан юм. Зорчигч өөрөө цагаан хэрэглэлээ авч яваа тохиолдолд тухайн галт тэрэгний цагаан хэрэглэлийг ашиглахгүй байхад заавал үнийн дүнг төлдөг байсан. Энэ нь Өрсөлдөөний хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж байгаа юм. Иймд иргэдэд хоёр сонголттой тасалбар худалдан авах боломжтой болжээ.

  • Үндсэн тасалбарын үнэ дээр цагаан хэрэгсэл, цайны үйлчилгээний үнэ нэмүүлж бичүүлэх
  • Зөвхөн тасалбарын үнээ бичүүлээд өөрсдөө цагаан хэрэгсэл, цайгаа өөрсдөө бэлдэж явах гэсэн хоёр сонголтыг санал болгох аж.

3. Төлбөрийг бэлэн бусаар хийх үйлчилгээ үзүүлэх байгууллагаар зөвхөн “Хаан банк”-ыг сонгосон нь иргэдийг эрхийг хязгаарласан төдийгүй зөвхөн нэг банкинд давуу байдал олгосон нь хууль зөрчиж байгаа учраас дээрх зөрчлийг арилгасан байна.

Т.Буянаа