УИХ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, ирэх есдүгээр сарын 1-нээс Эрүүгийн шинэтгэлийн хуулийн хамтаар хэрэгжүүлж эхлэхээр болсон.

Тодруулбал, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно”, гурав дахь хэсэгт “Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна” гэсэн заалтыг нэмэлтээр оруулжээ. Мөн хуулийн 282 дугаар зүйл, 283 дугаар зүйлийн 283.2, 283.3, 283.4 дэх хэсгийг хүчингүй болгож, иргэд хоорондоо хүүтэй мөнгө зээлэхийг хориглосон.

Энэ нь эдийн засаг сулралтай, иргэдийн амьдрал туйлдсан өнөөдрийн нийгэмд хэр нийцэх талаар эдийн засагч Ж.Дэлгэрсайханаас тодруулахад, “Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед хүүтэй зээлийн үйлчилгээний эрхийг зөвхөн банк болон банк бус санхүүгийн байгууллагад олгох нь мөнгөний эрэлд гарсан иргэнээ бодоогүй шийдвэр. Иргэд тодорхой шалтгааны улмаас нэг нэгэндээ хүүтэй мөнгө зээлдүүлэх, тэр нь тодорхой хэмжээний хүүтэй байх боломжтой бөгөөд санхүүгийн заавал зуучлагчаар дамжуулах шаардлагагүй. Энэ нь өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд тохирсон заалт. Тиймээс энэ асуудлыг Монголын эдийн засагт нээлттэй хэвээр үлдээх нь хамгийн зөв алхам гэж бодож байна” гэсэн юм.

Хүмүүс яаралтай мөнгөний хэрэг гарсан үедээ хэн нэгнээс мөнгө зээлэхээс өөр аргагүй байдалд ордог. Гэтэл өнөөдөр мөнгөний хэрэгцээ гараад банкнаас зээл авах гэхээр доод тал нь долоо хоног болно. Тэгээд ч банкны зээлийн шаардлага хэтэрхий өндөр учраас түүнийг хангаж зээл авч чадах хүн цөөхөн байгаа. Тэгэхээр жижиг бизнес эрхэлж байгаа иргэд эргэлтийн хөрөнгөө , жирийн иргэд ойр зуурын хэрэглээний зээлээ, хүүхдийн сургалтын төлбөр гэх мэтийг хувь хүнээс л хүүтэй мөнгө зээлэх болно. Гэтэл үүнийг хууль бус гэж үзэх нь өрөөсгөл юм. Хэрэв иргэд хоорондын зээл хүүгүй болгочихвол иргэд нэг нэгэндээ мөнгө зээлдүүлэхээ болих нь тодорхой. Хэн нэгэнд хүүгүй мөнгө зээлдүүлж буцааж авах гэж цаг хугацаа алдаж байсны оронд гар дээрх мөнгөө банканд хадгалуулахыг илүүд үзэх нь ойлгомжтой. Тэгэхээр жижиг бизнес эрхлэгчид эргэлтийн хөрөнгөгүй болно. Учир нь зах худалдааны төвүүдэд лангуу түрээслэгчид бараг бүгд иргэдээс зээл авдаг. Иргэд зээл олгохоо больсноор мөнгөний эргэлтэд тодорхой хэмжээнд нөлөөлж банкны шаардлага хангахгүй лангуу түрээслэгчдээс эхлээд ажлын байраа хадгалж үлдэх боломжгүй болохыг ч үгүйсгэхгүй. Хүүгүй ашиггүй учраас хэн ч тэдэнд зээл олгохгүй шүү дээ. Эцэст нь зээл хүсэгчид бүгд банк, санхүүгийн байгууллагуудад хандана. Тэд л энэ хуулийн өөрчлөлтөөс хожно. Өөрөөр хэлбэл, энэ хууль нь иргэний эрхийг зөрчиж, дампуурах дөхсөн банк болон банк бус санхүүгийн байгууллагуудаа дэмжсэн хууль юм.

Энэ мэт сөрөг үр дагавар ихтэй, Иргэний хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар болон үр дагаврын талаар Монголын Хуульчдын Холбооны гишүүн, хуульч Ч.Баднайнямбуутай ярилцлаа.

-Иргэд хоорондын зээлийг хүүгүй болгосон нь зөв үү. Та хуульч хүнийхээ хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Иргэд хоорондын зээлийг хүүгүй болгосон нь учир дутагдалтай гэж үзэж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард батлагдсан Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар иргэд хооронд байгуулагдаж байгаа зээлийн гэрээг хариу төлбөргүй буюу хүүгүй болгосон. Улмаар Иргэний хуулийн 182 дугаар зүйлд зохицуулсан байсан. Зээлийн гэрээний хүүтэй холбоотой зохицуулалтуудыг бүхэлд нь хүчингүй болгосон. Монгол улс Үндсэн хуулийн 5 дугаар зүйлдээ Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна. Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална гэж хуульчилсан. Мөн Үндсэн хуулийн 19.1-д Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан. Гэтэл төрөөс үндсэн хуулинд заасан хүний эрхийг хангахуйц эдийн засаг, хууль зүйн баталгааг бүрдүүлэх байтугай харин ч хувийн өмч, ялангуяа зээл олгох түүнээс хүү авах эрхийг байхгүй болгож, хуулинд заасан зээлдүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийг зөрчсөн явдал юм.

-Манай улсын иргэд хоорондын Зээлийн гэрээний хүүг зохицуулж ирсэн зохицуулалтуудаас аль хувилбар нь илүү зохимжтой байсан бэ?

-Уг нь зах зээлийн эдийн засагтай манай улс иргэд хоорондоо зээл олгохдоо хүүтэй болон хүүгүй байж болох одоогийн хувилбартайгаа байсан нь илүү дээр гэж үзэж байна. Өмнө нь 1950-аад онд иргэний хуулиар иргэд хооронд байгуулагдсан зээлийг хүүгүй байхаар зохицуулсан байдаг. Мөн хамгийн сүүлд 1994 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр зээлийн гэрээг хариу төлбөргүй байхаар хуульчилсан бол одоогийн дагаж мөрдөж байгаа зээлийг хүүтэй болон хүүгүй байж болох зохицуулалтыг 2002 оны Иргэний хуулинд хийсэн юм. Гэтэл одоо зээлийг хүүгүй болгож байгаа нь гэрээний чөлөөт зарчмаас ухарсан хэрэг гэж үзэж болно.

-Ямар үндэслэл шаардлагаар иргэд хоорондын зээлийг хүүгүй болгосон юм бол?

-Хууль тогтоогч чухам яг ямар үндэслэл шалтгаанаар иргэд хоорондын зээлийг хүүгүй болгож байгаа нь ойлгомжгүй байна. Нийгэм, цаг үеэ дагаад нийгмийн харилцааг зохицуулж байдаг хууль дүрэм нь улам бүр боловсронгуй болж өөрчлөгдөх ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар иргэдийн хооронд хамгийн түгээмэл байгуулагддаг бөгөөд нийгэмд эрэлт хэрэгцээ ихтэй байдаг зээлийн гэрээг онцгойлон авч үзэж гэрээний хүүг хориглох хэмжээний шалтаг шалтгааныг олж харахгүй байна. Магадгүй мөнгө хүүлэгч гэгддэг хэт өндөр хэмжээний хүү тогтоож хүү авдаг иргэдийн үйлдлийг таслан зогсоох зорилготой байж болно. Гэтэл энэ тохиолдолд одоогийн дагаж мөрдөж байгаа Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-д зааснаар хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол шүүх хүүг багасгаж шийддэг зохицуулалт нь байна шүү дээ. Гэвч энэ зохицуулалт нэмэлт өөрчлөлтөөр зээлийн гэрээ хүүгүй болж байгаатай холбогдуулан ирэх есдүгээр сараас мөн хүчингүй болж байна.

-Иргэд хоорондын зээлийг хүүгүй болгох нь өнөөгийн хэр нийцэх вэ?

-Иргэд хоорондоо зээл олгох, түүнээс тодорхой хэмжээний хариу төлбөр буюу хүү тооцох нь нийгмийн нэг шаардлага гэж ойлгож болно. Амьдрал баялаг хэнд ямар ч шалтгаанаар яаралтай мөнгө хэрэгтэй болж болно. Жишээ нь Иргэн А-д чухал шаардлагатай яаралтай мөнгө хэрэгтэй болсон гэж бодъё. Гэтэл түүнд банканд тавих үл хөдлөх эд хөрөнгө байхгүй, эсвэл байсан ч олон өмчлөгчтэй учир тэр бүгдээс зөвшөөрөл авна, эсвэл банкны олон шаардлага судлах урт хугацааг хүлээх боломжгүй тохиолдолд хүүтэй мөнгө зээлдүүлдэг иргэн хүнээс мөнгөө зээлээд хэрэглэх нь илүү хялбар. Иргэн А зээлийг шаардлагатай зүйлдээ хэрэглэж ажлаа бүтээж байгаа бол яагаад зээлдүүлсэн хүнд хариу төлбөр өгч болдоггүй юм. Энэ хэн алинд ч ашигтай. Зээл авч ашигласныхаа төлөө зээлдүүлсэн хүнд хариу барих нь нэг талаар шударга нөгөө талаар энэ хариу өгөх авах нь талууд өөрсдөө шийдэх эрхийнх нь асуудал шүү дээ.

-Ер нь зээлийг хариу төлбөргүй болгосноор ямар үр дагавар гарах бол?

-Иргэд хүү авахын тулд халхавчилна гэрээг олноор үйлдэж эхэлнэ. Иргэд хоорондоо тохиролцоод зээлийн гэрээг хүүтэй байгуулсан ч гэсэн хуулинд шууд хариу төлбөргүй байна гэж заасан учир зээлдүүлэгчийг ямар ч хүү авах эрхгүй болгож байгаа юм. Хэрвээ талууд хүү төлөхөөр тохиролцож гэрээ байгуулаад талууд үл ойлголцон маргалдаж шүүх дээр очсон тохиолдолд тухайн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдож зээлдүүлэгч иргэн зөвхөн зээлдүүлсэн мөнгө эд зүйлээ л буцааж авна. Магадгүй амьдрал дээр зээл авч ажил хэргээ бүтээсэн иргэн хүн эргээд зээл олгосон хүндээ мөнгийг нь ашигласныхаа төлөө баярласан талархсанаа илэрхийлж тодорхой хэмжээний хариу төлбөрийг сайн дураараа төлж байгаа бол үүнийг үгүйсгэх аргагүй, энэ нь байж болно. Харин гагцхүү иргэд хоорондоо зээлийн хүү төлнө, төлөхгүй гэж маргаж шүүх дээр очсон тохиолдолд хуулийн дагуу ямар ч хүү авахгүй л болж байгаа юм. Мөн хүү төлбөл мөнгө зээлдүүлнэ гэсэн зээлдүүлэгчийн шаардлагын дагуу зээлдэгч болон зээлдүүлэгчид хоорондоо халхавчилсан гэрээнүүд ихээр байгуулагдаж магадгүй юм. Хүүгээ бодоод зээл дээрээ нэмж бичих ч юм уу, эсвэл гэрээнд заасан мөнгөнөөсөө хүүг хасч аваад бүтнээр нь олгосноор баримт үйлдэх ч юм уу янз бүрийн арга хэрэглэхийг үгүйсгэхгүй. Тэр тохиолдолд ч гэсэн зээлдэгч шүүх дээр энэ талаар маргаж нотолж чадвал зээлдүүлэгч зөвхөн өгсөн мөнгөө буцаан авах, урьдчилан авсан мөнгийг зээлсэн мөнгөний буцаан төлөлтөд оруулж тооцохоос өөр аргагүй болно.

Т.Болор

http://www.uls.mn