Энэ долоо хоногийн онцлох үйл явдлын тоймыг хүргэж байна.

Улс төрд Сонгууль хаяанд ирэхээр намаасаа гарах үзэгдэл улам идэвхиждэг. Тэгвэл энэ үзэгдлийг УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог нар Шударга ёс эвслийн бүлгээс гарч үргэлжлүүлэв. Энэ сарын 21-нд УИХ дахь "МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл"-ээс гарах тухай өргөдлөө бүлгийн дарга Н.Батцэрэгт хаяглан хүргүүлсэн байна.

Тэдний энэхүү шийдвэрийн араас М.Энхсайхан, Н.Энхбаяр нар хамтарсан мэдэгдэл хийв. МАХН-ын дарга Н.Энхбаяр болон МҮАН-ын дарга М.Энхсайхан нар тус мэдэгдэлдээ "УИХ-ын 2012 оны сонгуульд МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн нэрийн өмнөөс нэр дэвшиж, сонгогчдын дэмжлэгийг авч УИХ-ын гишүүнээр сонгогдсон Л.Цог, Г.Уянга нар УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгээс гарах тухай мэдэгджээ. Тэд улс төрийн ёс зүйн жудаггүй алхам хийж байгаад харамсаж байна. Эвслийн бүлэг цаашид үйл ажиллагаагаа явуулах хууль эрх зүйн чадамжтай байгаа гэдгийг тэмдэглэж байна" гэсэн юм.

 

Ерөнхий сайдын ахлах зөвлөхийг сольж, Нийтлэлч Бат-Эрдэнийн Батбаяр буюу Баабарыг томилов. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зөвлөхөөр өмнө нь Б.Дэлгэрмаа ажиллаж байсан юм. Тэрбээр ОХУ-д суух Элчин сайдаар томилогдсон тул ийнхүү сэлгээ хийжээ.

 

Ц.Элбэгдорж "Ерөнхийлөгч хүн ард түмнийг төлөөлдөг учраас хувь хүнтэй мэтгэлцээнд орох нь зохимжгүй"

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их тэнгэрийн аманд 150 жиргээч, фэйсбүүк хэрэглэгчидтэй уулзлаа. Сүүлийн үед нийгэмд шуугиан дэгдээгээд буй Мүүний талаар болон улс төр, эдийн засгийн асуудлаар ярилцаж, хүрэлцэн ирсэн жиргээч, фэйсбүүкчдийн асуултад хариулсан юм.

"Би Ерөнхийлөгч байхдаа Мүүнтэй уулзаагүй юм шүү. Өмнө нь уулзсан", "Төр засгийн хүмүүс жиргээнд орж ард нийтийнхээ санал бодлыг сонсох хэрэгтэй. Фэйсбүүк хөтлөх нь байх ёстой зүйл гэж боддог" хэмээн тэрбээр уулзалтынхаа үеэр хэлж байв.


Нийгэмд сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах мэдээг хүргэж байна. Налайхын замд гарсан ослын улмаас 14 хүн гэмтэж нэг хүн нас барлаа. Өнөөдрөөс тав хоногийн өмнө БЗД-ийн нутаг Налайхын зам, Канад хаусын урд замд H.Sonata маркийн авто машины жолооч Э нь “Морь барьдаг” ХХК-ны H.Aero city -540 маркийн Б жолоочтой автобустай мөргөлдөж зорчигч 37 настай эрэгтэй Б нас барж 14 хүн гэмтсэн харамсалтай хэрэг гарсан юм.

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо зорчих хэсгийн гадаргууны байдал, тээж яваа ачаа, замын нөхцөл байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулах, өөрсдийнхөө болон бусдын аюулгүй байдлыг сайтар хангаж анхаарал болгоомжтой бие биеэндээ хүндэтгэлтэй хандах, тээврийн хэрэгслийн техникиийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгслээр зорчиж яваа үедээ хамгаалалтын бүсийг зөв хэрэглэж хэвшихийг зөвлөж байна.

Иргэд хоорондоо хүүтэй мөнгө зээлэхийг хуулиар хориглов

УИХ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайхуулийг баталжээ.

Хуулийн шинэчлэлээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно”, гурав дахь хэсэгт “Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна” гэсэн заалтыг нэмэлтээр оруулсан байх юм. Мөн хуулийн 282 дугаар зүйл, 283 дугаар зүйлийн 283.2, 283.3, 283.4 дэх хэсгийг хүчингүй болгожээ.

Өөрөөр хэлбэл, иргэд хоорондоо хүүтэй мөнгө зээлэхийг тус хуулиар хоригложээ. Зах зээл дэх мөнгө хумигдаж, улсын эдийн засаг сулралтай энэ үед хүүтэй зээлийн үйлчилгээний эрхийг зөвхөн арилжааны банк, банк санхүүгийн байгууллагад олгох нь мөнгөний эрэлд гарсан иргэнээ бодоогүй шийдвэр гэж эдийн засагч Ж.Дэлгэрсайхан тайлбарлалаа.

Тэрбээр “Иргэд хооронд мөнгө шилжүүлэх, зээлдүүлэх, зээл нь хүүтэй байж болох эсэх асуудлыг өнөөгийн Монголын эдийн засагт нээлттэй хэвээр үлдээх нь хамгийн зөв алхам” гэж харж байна. Зээлийн гэрээ бол иргэдийн хооронд хийгддэг хамгийн нийтлэг гэрээний нэг төрөл бөгөөд ихэвчлэн хүүтэй байгуулагддаг аж.

Бусдад зээл олгосны төлөө хариу төлбөр авах боломжийг хуулиар хязгаарлана гэдэг байж болшгүй зүйл гэж Иргэний хуулийн нэмэлт өөрчлөлтийг шүүмжлэх хуульч ч байна. Энэ хууль ирэх есдүгээр сарын 1-нээс Эрүүгийн шинэтгэлийн хуулийн хамтаар хэрэгжиж эхлэх юм.

Эдийн засаг: Өр нэмэгдэж+доллар өсч+худалдаа эрхлэгчид шахагдаж байна

Монгол улсын эдийн засгийг хэн нуруундаа үүрч авч явах вэ? Мэдээж бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн компаниуд, үйлдвэрлэгчид хамгийн их оролцоотой. Тэгвэл эдийн засгаа аврахыг уриалсан Ерөнхий сайд, 76-д хувийн компаниуд дампуурч, жижиг худалдаа эрхлэгчид хоногийн хоолноосоо салах нь ямар ч падгүй бололтой.

Саяханы нэг өдөр монголынхоо хэвлэлийн компаниудад нэлээд дээгүүр давхидаг байгууллагын танилтай таарав. Ажил төрөл хайж яваа тухайгаа хуучлав. Тэднийх 60 гаруй ажилтантай байсан юмсанж. Эдийн засгийн хямралын шуурганаар арай хийж дэнчигнэж явж байгаад оны өмнө хэдэн ажилчдаа аргагүй эрхэнд цомхотгосон байна. Цагаан сарын дараа ажилгүй хэдэн өдөр зогсолт хийхэд нэлээд хүн ажлаасаа гарч, дарга байсан нэг нөхөр одоо бүүр үйлдвэрийн менежер нэртэй цэвэрлэгч, нярав, хэвлэгч гээд хийхгүй ажилгүй болж. Ингээд гарын 10 хуруунд багтах үгүйдээ үлдсэн үйлдвэр өнөө маргаашгүй үүдээ барьж, дампуурлаа зарлах болсон гэнэ. Үүний улмаас ажилгүйчүүдийн эгнээ тэлж байгаа нь ойлгомжтой юм.

Компаниуд "цомхотгол" хийж байгаа нь улсын эдийн засаг ямар түвшинд байгаагийн тод илрэл.

НӨАТ гэгчээс болж жижиг, дунд бизнес эрхлэгчид хэцүүдэж байна. Тэд хоногийн хоолоо залгуулахын тулд жижиг дэлгүүр ажилуулдаг. Мөн захын наймаачид бараа нь зарагдахгүй банкны зээлээ ч төлж барахаа байж. НӨАТ-аар далд байсан орлого ил гарсан нь сайн. Харин нөгөө талдаа муу үр дагавартай болж хувираад байгааг олонтаа дуулгалаа. Сугалаатай баримт гэгчийг нэхэж үйлчлүүлэгчдээ сүлжээ, монополь дэлгүүрүүд рүү жижиг худалдаа эрхлэгчид алдаж байна. Хамгийн их хүнийг ажлын байртай болгодог банк хүртэл цомхотголоор хэдэн зуун хүнийг ажилгүйчүүдийн эгнээ рүү элсүүлж байна.

Нөгөөтэйгүүр нэг доллар 2050 төгрөгтэй тэнцлээ. Тодруулбал, Монголбанкны зарласан ханш 2047 төгрөгт хүрлээ. Өнөөдрийн байдлаар ам.долларын зарах ханш банкуудад 2050-2053 төгрөг, арилжааны цэгүүдэд 2051 төгрөгт хүрэв. Энэ оны улсын нэгдсэн төсвийг батлахдаа нэг ам.долларыг 2030 төгрөг байна гэж тооцсон. Сангийн яамны энэ тооцоо бодит байдлаас хэдийнээ хэтэрчихсэн.

Түүнчлэн Монгол улсын өр нэмэгдлээ. Засгийн газар Credit Suisse банкнаас 250 сая долларын зээл авчээ. Уг мөнгө Сангийн яамны дансанд орсон хэмээн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол дахь Америкийн худалдааны танхимын сарын уулзалтад оролцохдоо мэдэгдэв. Энэ нь Монгол Улсын гадаад зах зээлээс бүрдүүлэхээр төлөвлөж буй 500 сая долларын зээлийн эхний хэсэг нь болж байна. Энэхүү 250 сая ам.долларын зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь таван жил бөгөөд жилийн хүү нь LIBOR + 6.25% байхаар тогтжээ. Харин хоёр дахь зээл буюу үлдсэн 250 сая долларын хувьд яриа хэлэлцээр өрнөж буй бөгөөд гурван жилийн хугацаатай LIBOR + 5.75%-ийн хүүтэй байх төлөвтэй байгаа гэнэ. Ийнхүү өр нэмэгдэж+доллар өсч+худалдаа эрхлэгчид шахагдаж, компаниуд үүдээ барьж байна.

 

Д.Амартүвшин мөнгө, гавьяат тамирчин Г.Болдбаатар хүрэл медаль авлаа

Спорт Гүржийн нийслэл Тбилис хотноо олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох Гран При тэмцээн өчигдөр эхэллээ. Тус тэмцээнд дэлхийн 67 орны эрэгтэй 230, эмэгтэй 163, нийт 393 жүдоч өрсөлдөж байна. Манай улсаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын удирдлагад эрэгтэй 6, эмэгтэй 4, нийт 10 бөх барилдана.

Тэмцээний эхний өдөр манай дэвжээнд гарсан жүдочдоос эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд гавьяат тамирчин Д.Амартүвшин мөнгө, гавьяат тамирчин Г.Болдбаатар хүрэл медаль авлаа. Мөн эмэгтэй 52 кг-ын жинд А.Цолмон шагналт VII байр эзлэв.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэй 73 кг, 81 кг, эмэгтэй 63 кг, 70 кг-ын жингийн барилдаан болно. Манай улсаас эрэгтэй 73 кг-ын жинд Г.Одбаяр, 81 кг-д О.Ууганбаатар, эмэгтэй 63 кг-ын жинд Б.Мөнгөнчимэг, 70 кг-д Ц.Наранжаргал нар барилдана.

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа