Энэ жил улсын хэмжээнд 322.9 мянган га талбайд үр тариа, үүнээс буудай 301.5, хүнсний ногоо 20.8 мянган га талбайд тариалахаар болжээ. Мөн тэжээлийн таримал 16.3, тосны болон сэлгээний бусад таримал 25.3 мянган га талбайд тариалахаар төлөвлөсөн байна.

Түүнчлэн хаврын тариалалтад хүчний трактор 2880, үр тарианы үрлүүр 2170, хөрс боловсруулах техник 5200, хүнсний ногооны үрлүүр 358 ажиллах аж. Эдгээр техникийн засвар, сэлбэг хангамжийн нөөц бүрдүүлэхийн зэрэгцээ БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн 125-165 морины хүчтэй тракторыг 20 хувийн урьдчилгаа төлбөртэй 4 жилийн хугацаатай зээлэх гэнэ. Харин тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажилд шаардагдах 20 мянган тонн дизелийн түлшийг импортын онцгой албан татвараас чөлөөлөх асуудлыг боловсруулан холбогдох яамдаас санал авч Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх ажил өрнөж буйг ХХААЯ-наас мэдээллээ.

Манай улс хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд хэд хэдэн ажил хэрэгжүүлж буй. Жишээлбэл, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлого, Тариалангийн тухай хуулийг тус тус шинэчлэн батлуулж, тариаланчдад таниулах ажил хэрэгжүүлж байна. Мөн буудайн үрийн нөөц бүрдүүлэх зорилгоор тариалан эрхлэгч 16 аж ахуйн нэгжид 15, ТЭДС-тай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулсан аж ахуйн нэгжид 4 мянган тонн үрийн буудай импортлох зөвшөөрөл олгожээ.

Манай улс энэ оны эхэнд 23.8 сая эх мал тоолуулжээ. Үүнээс ингэ 105.2, гүү 952.5 мянга бол үнээ 1.4, хонь 10.6, ямаа 9.6 сая байгаа аж. Одоогоор нийт эх малын 12.2 хувь буюу 2.8 сая эх мал төллөж, 2.7 сая төл авсан нь өмнөх долоо хоногоос 1.5 саяар нэмэгджээ. Төл бойжилт 97.2 хувьтай байгаа тухай холбогдох яамнаас мэдээлэв.

Нийт малын хорогдол өмнөх долоо хоногоос 130 мянгаар нэмэгдэж, 681.1 мянга болсон байна. Сүхбаатар, Увс, Архангай, Завхан, Баянхонгор аймгуудад малын хорогдол хамгийн их буюу оны эхний нийт малын 1.7-3.8 хувийг алджээ.

Мөн нийт нутаг дэвсгэрийн 20 гаруй хувьд цастай байгаагаас Баян-Өлгий аймгийн Сагсай, Завхан аймгийн Алдархаан, Баянтэс, Баянхайрхан, Увс аймгийн Баруунтуруун, Зүүнговь, Хяргас, Түргэн зэрэг гурван аймгийн 22 сум 20-64 см зузаан цастай буюу цагаан зудтай байна. Харин Увс аймгийн Давст, Улаангом, Сагил, Завхан аймгийн Нөмрөг, Сонгино, Цагаанчулуут, Сэлэнгэ аймгийн Ерөө, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Чандмань-Өндөр сумуудад 10-19 см зузаан цастай буюу цагаан зудархуу байдалтай байгаа аж.

Т.Буянаа