Долларыг хазаарлаж чадахгүй явсаар сонгуультай золгох нь ээ. Төсөвт нэг доллар 2030 төгрөгтэй тэнцэж байхаар тусгасан. Хэдэнтээ төсөвт суулгасан ханшийг давсан. Өдгөө 2055 төгрөгтэй хүрчээ.

Эдийн засгаа сэхээх бодлого баримталж буй. Гэтэл гаднаас зээл аван малчдад зээл олгож байгаа гэх. Хэр зөв шийдэл бол. Сонгуулийн шоугаа эдийн засгаар тоглож хийж байгаа юм биш биз дээ та минь ээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "гурвантаа эдийн засаг" гэж тунхаглан гарч ирсэн ч өнөөдрийг хүртэл дорвитой ажил хийгдсэнгүй. Хөрөнгө оруулагчдыг татаж, ганц алхам ч урагшилсангүй. Харин ч хойшоо алхаж байна.

Төр эдийн засагт шударга бус өрсөлдөөнийг бий болгоод байна хэмээн эдийн засагчид дүгнэх нь тэр. Банкнаас авсан зээлийн 30 орчим хувь нь доллароор аж ахуйн нэгжид өгчихсөн. Ийнхүү долларын ханшны зөрүүнээс болж их эрсдэлд орж буй. Гэтэл үүнийг төр мэдэхгүй байна гэж үү. Төсвөө алдагдалтай баталдаг улс оронд зээл өгөхдөө хүүгээ маш өндрөөр боддог гэдэг. Энэ тухай Л.Энх-Амгалан "Долларын зээлтэй аж ахуйн нэгжүүд ханш өссөнөөс болж ямар хохирол амссаныг бодитой тооцож үзэх цаг нь болсон. Гадныхан төсвөө алдагдалтай баталдаг улс орнуудад өндөр хүүтэй зээл олгодог. Гэтэл өндөр хүүтэй авсан зээлээ Малчны зээлийн хүүг бууруулахад зориулахаар төлөвлөж байгаа нь сонгуулийн гурван сараа харсан явуургүй бодлого. Ингэж өндөр хүүтэй зээл аваад байгаа мөртлөө УИХ-ын дарга өөрөө бид нар гадны хөрөнгө оруулалтгүй амьдрах чадамжтай гэсэн хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Ийм үг үйлдэл хойд Солонгос, Кубын удирдагчдын амнаас л гарч магадгүй" хэмээн өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн юм.

Өнгөрсөн доло хоногт "Ам.долларын зээлийг төгрөгт шилжүүлэх ёстой" гэж 218.1 Хөдөлгөөн”-өөс мэдэгдсэн. Долларын ханшийн өсөлтийн улмаас хямарч, худалдан авалт буурсан. Цалин нэмэгдээгүй. Монгол компаниуд бүгд цалингаа төгрөгөөр тавьдаг. Гэтэл төгрөг нь ноён ногооны өмнө хүчин мөхөсдөж иргэдийн цалин хаана аа ч хүрэхгүй байгаа гэдгийг төрийн түшээдүүд мэдэж л баймаар. Гаднаас зээл авч шоудаж байхад долларын гаарч байна. Долларын өсөлтийг дагаад өргөн хэрэглээ бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг бичигдээгүй хуулийг сүүлийн жилүүдэд эрчимтэй мөрдөж буй.