Хөвсгөл аймгийн Онцгой комисс хуралдаж томуу, томуу төст өвчин, Улаанбурхан өвчин буурахгүй байгаа тул төрийн болон хувийн цэцэрлэгийн үйл ажиллагааг 10 хоног зогсоох шийдвэр гаргалаа.

Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг 50 ортой ачаалал ихтэй байгаа учраас Нэгдсэн эмнэлгийн уламжлалын тасгийг өөрчлөн хүүхдийн 30 ор нэмэгдүүлж, уртасгасан цагаар, эмч мэргэжилтнүүдийн тоог нэмэгдүүлэн ажиллаж байна.

Нэгдсэн эмнэлгийн сэхээнд долоон хүүхэд, тасагт 104 хүүхэд эмчлүүлж нэг орон дээр 2-3 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа юм. Мөрөн сумын өрхийн эмнэлэгүүдийг 22 цаг хүртэл, хүүхдийн тасгийг амралтын өдрүүдэд ажиллуулан, сувилагч нарын тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авсан боловч өвчлөл буурахгүй ачаалал ихтэй байгаа гэнэ. Мөрөн суманд нийт амбулаторийн үзлэгийн 16,3 хувийг, Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн дуудлагын 23,5 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж, 0-5 насны хүүхдийн дундах өвчлөл буурахгүй нэмэгдсээр байгаа ажээ.

Т.Буянаа