Нийслэлийн аудитын газраас нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоосон талаар мэдээллээ.
Нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн тойрогт нам, эвсэл тус бүрийн зарцуулах зардлын дээд хэмжээг нэг тэрбум 460 сая төгрөгөөр тогтоожээ. Энэ нь 2012 оныхоос буурсан байна. Тухайн үед сонгуулийн тойрогт нам, эвсэл тус бүрийн зарцуулах зардлын дээд хэмжээг хоёр тэрбум төгрөгөөр тогтоож байсан аж. Харин сонгуулийн тойрогт нэг нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээ нь өссөн байна. Зардлын хэмжээг тогтоохдоо тойргын газар нутгийн байршил, хүн амын тоо болон инфляцийн өсөлттэй уялдуулан тооцдог ажээ.

Нийт 45 тойрогт нэг нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг ялгавартай тогтоосноос хамгийн их нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр тойрогт 194.4 сая төгрөгийг тусгажээ. Харин хамгийн бага нь Багахангай дүүргийн 44 дүгээр тойрогт 106.4 сая төгрөг байгаа тухай Нийслэлийн аудитын газрын дарга Ц.Очирбат онцолсон юм.