Монголын Ардчилсан холбооны удирдлагууд өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж маргааш Эрх чөлөөний талбайд болох Жудагт Монгол хөдөлгөөнөөс санаачилсан Эв нэгдлийн цуглаанд оролцохоор болсноо мэдэгдлээ. МоАХ-ны удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, УИХ-ын даргын зөвлөх Г.Байгалмаа “МоАХ-ны удирдах зөвлөлийн хурлаас уг цуглаанд оролцох шийдвэр гаргасан” хэмээн мэдэгдэв. Мөн УИХ-ын гишүүн, МоАХ-ны дэд дарга Л.Эрдэнэчимэг Тавантолгойн ордыг хууль бусаар авахыг санаархсан бүлэглэл хууль хүчний байгууллагыг ашиглан хүний эрх эрх чөлөөг ноцтой зөрчиж байгааг дурдаад МоАХ үүний эсрэг бат зогсоно гэдгээ илэрхийллээ. Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг партизан ДарьСүхбаатар хэлэхдээ МоАХ гэдэг бол хэн нэгэн хүн, хэн нэгэн дарга биш ард түмэн та нар юм. Ард түмэн та бүхнийгээ сонгуулийн хувьсгалд уриалж байна. Бид одоо ходоодоороо санал өгөх, эсвэл хошгируулдаг хэн нэгнийг сонгох биш жинхэнэ хүнийг сонгох цаг үе тулж ирээд байна хэмээн онцоллоо.

Эрх чөлөөний талбайд гуравдугаар сарын 30 буюу маргааш 11 цагт болох Эв нэгдлийн цуглаанд МоАХ, Жудагт Монгол хөдөлгөөнөөс гадна 50 гаруй төрийн бус байгууллага, хөдөлгөөнийхөн оролцохоо мэдэгдээд байна.