Наймдугаар сарын 23-31-нд Болгар улсын Нессебар хотноо зохиогдсон язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон "Домог" хамтлагийн уран бүтээлчид тэмцээний Гран при шагналыг хүртэн дэлхийн язгуур урлагийн үнэмлэхүй аварга цолны эзэн болжээ.

  Уг уралдааны бүрэлдэхүүнд ардын хөгжмийн "Домог" хамтлагийн уран бүтээлчдээс гадна бүжигчид, уртын дуучид, уран нугараач багтсан байна.

Түүнчлэн "Домог" хамтлагийнхан дангаараа дан хөгжмийн төрөлд өрсөлдөн дэлхийн аваргын болзол ханган  эртний Грекийн домогт гардаг хөгжмийн бурхан Орфюзийн дүрс бүхий алтан цомыг гардав. Харин тэмцээнд үзүүлсэн зургаан удаагийн тоглолтыг найруулан тавьсан төрийн шагналт Д.Сосорбарамд Дэлхийн язгуур урлагийн академиас маэстро цол олгохоор шийдвэрлэжээ.

Язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах энэхүү тэмцээнийг Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциаци, Ардын урлагийн наадмуудын Европын ассоциаци, Дэлхийн язгуур урлагийн академиас ЮНЕСКО-гийн дэмжлэг дор зохион байгуулсан байна.