Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшиж улсад онц ноцтой хохирол учруулсан хэргээр 3.5 жилийн хорих ял аваад буй. Тэрбээр хорих ангиас өмгөөлөгчөөрөө дамжуулан Eрөнхийлөгчид захидал бичжээ.

Түүнд анхан болон давж заалдах шатны шүүхээс 4.5 жилийн ял өгсөн бөгөөд Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурлаас ялыг нь 3.5 жил болгох шийдвэр гарсан юм.

Л.Гансүхийн захидлыг сийрүүлбэл,

Монгол Улсын Eрөнхийлөгч Ц.Элбэгдоржид

Гэр хорооллын иргэддээ нүүрсийг шигшиж, шуудайлж өгөх Шинэчлэлийн Засгийн газрын ажлыг зохион байгуулсан миний бие болон байгуулсан гэрээний үүргээ ямар ч зөрчилгүй биелүүлсэн компанийн захирал Даваахүү биднийг гэрээнд байхгүй үнийн зөрүүгээр 1.1 тэрбум төгрөгийн хохирол "Багануур" компанид төлөх, намайг 3.5 жил шоронд хорих, дөрвөн жил төрд ажиллах эрхийг хасахаар шүүх эцэслэн шийдвэрлэлээ.

Шинэчлэлийн Засгийн газрыг, Eрөнхий сайд H.Алтанхуягийг унагахын тулд улстөрчдийн захиалгаар энэ зохиомол хэргийг үүсгэн АТГ, прокурор, шүүхийн тодорхой бүлэг хүмүүсийг ашиглан энэ хэлмэгдүүлэлтийг хийлээ.

Хөтөлбөрийн хүрээнд Багануурын уурхай нэг ч төгрөгийн зардал гаргаагүй, харин ч шигшсэн нүүрсүүдийг цааш нь үнэ нэмэн зарж, гурван тэрбум төгрөгийн ашиг олсон. Түүгээр ч зогсохгүй Засгийн газар 18.6 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож, 400 сая тоннын нөөцөө хувийн компанид алдсанаа Засгийн газраар шуурхай шийдвэрлүүлж авснаар эдийн засгийн хувьд ихээхэн чадавхижиж 2014 онд ажилчдаа таван сарын цалингаар урамшуулж байсныг энд дурдъя.

Мөнгөнтуяаг зургаан сар шоронд хорьж, хоёр жил хэлмэгдүүлээд, эцэст нь Дээд шүүхээс цагаатгалаа. Энэ улс төрийн захиалгат зохиомол хэргийн үнэн учрыг Монголын ард түмэн тав хоногийн шүүх хурлаас харж, биднийг үнэндээ цагаатгасан гэдэгт итгэдэг. Намайг дэмжиж ирсэн бүх хүмүүст талархлаа илэрхийлье.

Л.Гансүх миний бие ард иргэдээ хямд нүүрсээр хангах ажлыг зохион байгуулсны төлөө зохиомол хэргээр хэлмэгдэж, улс төрийн хэрэгтэн боллоо. Би цаашдаа ч ард түмнийхээ төлөө зүтгэнэ ээ, тэгэхдээ хийгээгүй хэргийн төлөө уучлал хүсэхгүй, энэ "ял"-ыг эдэлж дуусгах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

Иргэн Л.Гансүх 2016.03.30

 

Тэгвэл өнгөрсөн есдүгээр сард болсон түүний шүүх хурлын дараагаар Монгол Улсын төрийн тэргүүн Ц.Элбэгдорж “Нягтлан энэ тэр гэнэ үү. Авлигачид тийм адгийн. Бусдад хэргээ тохчихоод үлдсэнийг нь худалдаж авах гэдэг. Тиймээс аль алиныг нь өршөөж болохгүй” хэмээн жиргэсэн байдаг юм.

Т.Буянаа