Монгол Улсын нэг хүнд ногдох гадаад, дотоодын өр дунджаар 3000 гаран ам.доллар хүрч байгаа талаар Азийн хөгжлийн банкнаас нийтэлсэн эдийн засгийн тайланд дурджээ.

 

Олон улсын валютын сангаас өнгөрсөн 2015 оны дөрөвдүгээр сард өрийн хямралд орох эрсдэл өндөр гэж үзжээ. Өр ДНБ-ний 77,4 хувьд хүрээд байна.

 

Энэ талаар Азийн хөгжлийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газрын эдийн засагч Л.Амар “2010 онд 31 хувь байсан бөгөөд үүнээс хойш хоёр дахин нэмэгджээ. Графикт нийт өрийн 85 хувь нь гадаад өр, 15 хувь нь дотоод өр. Ам.доллараар тооцоход 2012 оноос буурч байгаа ч өрийн хэмжээ нэмэгдэж байна. 2010 онтой харьцуулахад гадаад өрийн хэмжээ өссөн. Дунджаар нэг хүнд 3000 гаран ам.доллар ногдож байна” гэдгийг онцоллоо.

 

Дашрамд дуулгахад, томоохон бондуудын эргэн төлөлт 2017 оноос эхлэнэ. Бид ирэх 2017 онд нэг тэрбум гаруй ам.долларын зээлийн эргэн төлөлтийг хийх ёстой юм.

 

О.Заяа