Б.Билгүүн 6 настайгаасаа эхлэн хийл хөгжим тоглож буй авъяаслаг хөгжимчин хүү юм. Одоо Хөгжим Бүжгийн Коллежийн 3-р курсын оюутан. Тэрбээр өнгөрсөн хугацаанд олон улсын уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, Монгол улсынхаа нэрийг урлагийн тайзан дээрээс дуудуулж буй залуу уран бүтээлч болжээ. 2006 онд 10 настайдаа Чех улсын Усти над Орличи хотод зохиогдсон өсвөрийн мэргэжлийн хийлчдийн уралдаанд оролцсноор Олон улсын тэмцээний гараагаа амжилттай эхэлсэн тэрээр 2008 онд Бүгд найрамдах Чех улсын Усти над Орличи хотод болсон Ярославь Косианы нэрэмжит мэргэжлийн хийлчлийн 50-р уралдааны 2-р ангилалд шилдэг тоглогч, 2-р байрын шагнал хүртсэн бөгөөд түүний энэ амжилтыг Засгийн газраас өндрөөр үнэлж мөнгөн шагнал гардуулсан юм.

Мөн 2011 оны 1-р сард АНУ-ын Нью Иорк хотноо болсон өсвөрийн хөгжимчдийн Олон улсын уралдаанд нийт 1000 гаруй оролцогчдоос тэргүүн байр эзэлж, улмаар мэргэжлийн хөгжимчдийн хүндэтгэн дээдэлдэг концертийн танхимуудын нэг "Карнеги Холл"-д болсон Гала концертод оролцох эрхээр шагнуулан урилгаар тоглосон Монгол хүүхэд, анх удаа "Карнеги Холл"-ийн эрхэм хүндтэй тайзан дээрээс хөгжмийн аялгуугаа өргөсөн тохиолдол болсон билээ. Түүний тоглолтын ур чадварыг шүүгчдийн бүрэлдэхүүн өндрөөр үнэлсэн юм.

Оюутан, хийл хөгжимчин Б.Билгүүний гаргасан амжилтуудыг дурдвал:
2004, 2006, 2008, 2012 онуудад Ардын Жүжигчин Ж.Чулууны нэрэмжит олон улсын уралдааны тусгай, 3-р байр, 2-р байр, дэд байруудын шагнал
2006, 2008 онуудад Чех улсын Я. Косианы Нэрэмжит Олон Улсын Хөгжмийн Уралдааны тусгай байр, шилдэг тоглогчын шагналууд
2008: ОХУ-ын Улан-Үдэ хотод болсон Залуу Хөгжимчдийн Олон Улсын Уралдааны тусгай байрын шагнал
2009: Монгол Улсын Засгийн Газрын "Батламж"
2010: Макао улсад болсон ЮНЕСКО-гийн Зүүн Азийн Орнуудын Хүүхдийн Урлагийн Фестивалын тусгай байрын шагнал
2010: АНУ-ын Нью Йорк хотын Крэссендо Олон улсын Хөгжмийн Уралдааны тэргүүн байр, шилдэг тоглогч
2011: Монгол улсын "Шилдэг" сурагч
2014: Улаанбаатар хотод зохион байгуулдаг Цөөхүүл хөгжим фестивалийн цөөхүүл хөгжим төрөлд /трио/ тэргүүн байр
2015 онд Герман улсын Морисбург хотод болсон Залуу хөгжимчдийн зуны сургалтанд уригдан Герман улсын байгууллага, олон хотуудаар орон орны залуу хөгжимчидтэй нийлэн хамтран тоглосон.

Б.Билгүүн нь энэ сарын 13-нд өөрийн тайлан тоглолтоо мэргэжлийн багш Л.Алтанцэцэгийн удирдлаган дор хийлч Дэлгэрцэцэгийн үүсгэн байгуулсан Дээгий хөгжмийн сургуулийн ивээн тэтгэлгээр Дуурь бүжгийн эрдмийн театрт "Чайковскийн үдэш" тайлан тоглолтоор үзэгчдийн сонорыг мялаах гэж байна.

Энэхүү тайлан тоглолтонд Билгүүн дараахь зохиолуудыг тоглох юм.
М.Понце-Эстерлитта
Э.Ясане-Соната но балладе
Ж.Халворсен-Пассакаглиа
П.Чайковский- Виолин концерт