УИХ-ын гишүүн Х.Баттулгыг сэжиглэн шалгаж байгаатай холбогдуулан Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс түүний эзэмшлийн “Түмэн хишигтэн”, “Баялгийн хувь” ХХК-дад Байцаан шийтгэх шийтгэх хуулийн дагуу, прокурорын зөвшөөрөлтэйгөөр санхүүгийн шалгалт хийх шаардлага гарч нэгжлэг хийж байгаа билээ. Бид энэ үйл явдлын талаарх шуурхай мэдээг газар дээр нь ажиллаж байгаа А.Баярмаа сэтгүүлчийнхээ өгсөн мэдээллийг хүргэсээр байна.

Дөнгөж сая Баянгол зочид буудлын Захиалгын менежер Н.Одонтунгалаг хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр "Манай зочид буудалд Чөлөөт бөхийн ААШТ-нд оролцох 24 орны 250 тамирчид буудлах гээд эхнээсээ зочид маань хүрэлцэн ирчихсэн байгаа. Энэхүү нэгжлэгийн улмаас зочдын амгалан тайван байдал алдагдаад байна. Тэмцээнд оролцох тамирчдын эхний ээлжийнхэн ирчихсэн. Буудлын ажилтнууд зочдынхоо аюулгүй байдалд ихээхэн санаа зовниж байна. Цагдаагийнхан буудал руу орох болон буудлаас гарахыг хориглосон" гэлээ.