Өнгөрсөн долоо хоногийн бямба гаригаас хувийн нийтийн тээврийн компаниудын автобус Нийслэлийн Засаг даргаас нэгдүгээр улирлын мөнгөө авч өр, зээлээ төлмөөр байна гэх уриатай лоозонг зүүн явах болсон. Тэгвэл уг асуудлаар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат нар мэдээлэл хийсэн.

Нийслэлийн тээврийн газар, аж ахуйн нэгж байгууллага, Улаанбаатар смарт карт компанитай гурван талт гэрээ байгуулагдаагүйн улмаас машин цагийн зардлын санхүүжилтийн 50 хувийг олгоогүй байсан юм. Тэгвэл гурван тал өчигдөр уулзан маргаантай асуудлаа шийдсэнээр өнөөдрөөс хувийн 20 компани нэг жилийн хугацаатайгаар гурван талд гэрээ байгуулж эхэлсэн байна. Ингэснээр дутуу санхүүжилт болох 4.049.802.031 төгрөгийг олгохоор болжээ.

Том оврын автобусан нэг өдрийн 32000 төгрөгийн зардал гаргадаг хэмээн тооцож өгдөг байна. Нийтийн тээврийн байгууллага смарт картанд шилжсэнээр орлого нэмэгдээгүй гэдгийг албаны хүмүүс мэдэгдэж байсан юм. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настаны смарт картаар зорчиж яваад хянагчид баригдах юм бол нэг жилийн хугацаагаар дээрх картыг буцаан олгохгүй байхаар болсон гэдгийг дуулгасан юм.

Т.Буянаа