Та таван жилийн өмнө нэг удаагийн ууттай кофег 150 төгрөг, бэлэн хоол 850 төгрөг, үхрийн махаа 4700 төгрөгөөр худалдан авдаг байсан гэдэгт итгэх үү. Бараг л худлаа байлгүй дээ гэх байх нийслэлийн Статистикийн газрын цахим хуудсаар хэдэн оны хэдэн сард гол нэрийн бараа бүтээгдэхүүн хаана хэдэн төгрөгөөр зарагдаж байсныг харах боломжтой.

Өчигдрөөс шатахууны үнэ 2012 оны ханштай дүйцэн 1550-1580 төгрөг болтлоо буурлаа. Сүүлийн таван жилийн дотор шатахууны үнэ 1500-1660 төгрөг хүртэл буюу 160 төгрөгөөр өссөн байгаа юм. Гэтэл “Атар талх” 2011 онд 650 төгрөгөөр зарагдаж байсан бол өнөөдөр 1200 төгрөгөөр худалдаалж байгааг нэгэн иргэний 2011-2015 он хүртэл хийсэн орлого, зарлагын дэвтрээс харж болно.

“Атар талх” 2011 онд 650 төгрөгөөр зарагдаж байсан бол өнөөдөр 1200 төгрөгөөр худалдаалж

Бараа бүтээгдэхүүний үнэ таван жилийн хугацаанд хэрхэн “үсрэнгүй” өссөнийг та бүхэнд танилцуулж байна. Шатахууны үнэ нэмэгдэх болгонд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ даган өсдөг. Ялангуяа 2013-2014 онд бүх төрлийн бараа бүтээгдэхүүн дунджаар 700 төгрөгөөр өссөн байгаа юм. Жишээлбэл, “Алтан тариа” дээд гурил 2011 онд 900, 2012 онд 930, 2013 онд 950, 2014 онд 1100, 2015 онд 1200, 2016 онд 1300 төгрөг хүртлээ нэмэгдсэн байна.

Харин дээрх таван жилийн хугацаанд элсэн чихрийн үнэ хамгийн тогтвортой байсан бөгөөд 1600 төгрөгөөс 1900 төгрөг хүртэл нэмэгджээ. Харин “Сүү” ХК-ийн нэг литр сүү 700 төгрөгөөс 2200 төгрөг хүртлээ “үсрэнгүй” 1500 төгрөгөөр нэмэгдсэн байгаа юм.

Гэвч дээрх бараа бүтээгдэхүүнийг худалдан авч байгаа ард иргэдийн цалин хангамж, яг л 2011 оныхтойгоо ижил төвшинд байна. Өнгөрсөн онд төрийн албан хаагчдын цалин нэмэгдэж дундаж цалин нь 630 мянган төгрөг болсноос өөр үзүүлэлт алга. Төрийн албан хаагчдаас гадна хувийн аж ахуйн нэгжүүдийн цалин нэмэгдсэн зүйл ч амьдралд байхгүй байгааг захын хүнээс асуухад хэлээд өгнө. Бараа бүтээгдэхүүний үнэ шатахууны үнээс болж нэмэгдсэн юм бол одоо шатахууны үнэ буурлаа. Үүнийг дагаад бараа бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулах нь зүй ёсны юм шиг санагдах юм.

Ялангуяа 2013-2014 онд бүх төрлийн бараа бүтээгдэхүүн дунджаар 700 төгрөгөөр өссөн байгаа юм.

Дээрх иргэний орлого, зарлагын дэвтрээс харахад манай улсад тухайн нэг бараа бүтээгдэхүүний үнэ хуй салхи шиг өдөр, сар, жилээр өсдөг байна. Гэтэл саяхан Японы зайрмагны компани 25 жилийн турш анх удаа Гаригари-кун зайрмагаа 60 иенээс 70 иен болгож байгаа даа толгойн бөхийн албан ёсоор уучлал гуйсан юм. Гэтэл манай улсын хувьд нэг л өглөө босоод ирэхэд талх, сүү, махны үнэ өсөхөд хэн ч ямар ч тайлбар өгдөггүй.

Голлох нэрийн барааны үнээ хэрхэн тогтвортой барих талаар төр засгаас ч анхаар ч байгаа зүйл огт алга. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байдаг авдаг цалин маань нэмэгдэхгүй байна шүү дээ.

Т.Буянаа