​Монголын Засгийн газар Тони Блэйрээс зөвлөгөө авахаар болов. Их Британийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан энэ эрхэм бол сайн пиарч. Тэр аливаа юмыг яаж сайхан харагдуулах аргаа мэддэг.

Гэхдээ энэ хоосон пиар нь хөрөнгө оруулагчид манайд татагдах шалтгаан болж чадахгүй нь харамсалтай. Учир нь манай Засгийн газар өрөө төлөх чадвартай байна уу, үгүй юу, хөрөнгө оруулалтын орчин нь тогтвортой юу гэдгийг зээлжилтийн рейтинг тог­тоодог компаниуд тодор­хойлдог. Харин тэдэнд Тони Блэйрийн пиар хэр чухал санагдах бол.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Тони Блэйрийн багийнхантай хэрхэн хам­тарч ажиллах тухайгаа танилцуулсан. Түүний хэлснээр бол манай тал “Тони Блэйр сан”-тай хамтран таван төсөл хэрэгжүүлэх аж. Тэр нь боловсрол, эрүүл мэнд, ажлын байр, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэг­дүүлэхэд хууль зүйн зөвлөгөө авах, моргейжийн зээлийг дэмжих зэрэг гэнэ. Ч.Сайханбилэгийн хэл­сэн үг­нээс харахад Тони Блэйрийн хийх ажил нь голчлон дотоод руу чиглэж, Засгийн газрын бод­логыг монголчуудад сур­талчлах зорилготой бололтой. Үүний­хээ хариуд түүнд хэдий хэдий хэмжээний хөлс төлөх нь тодор­хойгүй байгаа. Тони Блэйр хамтран ажилладаг Катар улсын холбогдох байгууллагууддаа хүсэлт гар­гаснаар түүний хөлсийг Катар улсаас гаргахаар болсон гэх.

 

ТОНИ БЛЭЙР 16 САЯ ФУНТ.СТЕРЛИНГИЙН ХӨЛС АВАХ УУ

 

Тони Блэйр Казахстаны Ерөнхийлөгч Назарбаевт зөвлөгөө өгдөг. Түүнийг газрын тосны баялгаа ашиглаж улс орноо хэрхэн  хөгжүүлж байгааг ард түмэнд нь харуулах нь Т.Блэйрийн зорилго. Үүнийхээ хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сард суртал ухуулгын шинжтэй видео бичлэгүүдийг цац­сан гэдэг. Харин хөлсөнд нь 16 сая фунт стерлинг авсан гэх мэдээлэл гарсан байна. Абу Дабид Т.Блэйр мөн л ажиллажээ. Ингэхдээ улсын мэдэлд байдаг 20 сая фунт стерлингийн хөрөнгөтэй Мубадала сангийн үйл ажиллагаанд зөвлөгөө үзүүлснийхээ хөлсөнд жил бүр нэг сая фунт стерлингийн хөлс авч байгаа аж. Түүнчлэн Кувейтийн хаантай хэлэлцээр хийснийхээ дараа 27 сая фунт стерлингийн хөлс авсан гэх мэдээ бий. Хариуд нь “Tony Blair Associates” нь 2035 он хүртэлх Кувейтын улс төр, эдийн засгийн хөгжлийг томьёолон зурах үүрэг хүлээжээ. Энэ мэтчилэн 30 гаруй оронд Тони Блэйр зөвлөгөө өгсөн юм.

Харин Катарын тухайд гэвэл тус улсын экс Ерөнхий сайдын гэр бүлтэй Тони Блэйр ойр дотно гэх. Өнгөрсөн онд л гэхэд Катарын экс Ерөнхий сайд “Xstrata” компанитай хэлэлцээр хийж, Лондонгийн дээд зэрэглэлийн зочид буудал болох “Claridge’s” дэх эзэмшлийн хувийнхаа асуудлыг хөндсөн гэнэ. Харин талуудын хоорондох үйл ойлголцлыг Т.Блэйр хэдхэн цагийн дотор зохицуулж хариуд нь нэг сая ам.долларын хөлс авсан гэх мэдээ бий. Гэхдээ энэ бол гурван цагийн үйлчилгээ үзүүлсний хөлс нь. Харин Тони Блэйр манай Засгийн газартай нэг жилийн хугацаанд хамтрах гэрээ байгуулсан. Тэгэхээр түүний хийх ажил нь Казахстанд хийсэнтэй нь тун ойролцоо байх бололтой. Казахстанчууд Т.Блэйрт 16 сая фунт стерлинг төлсөн гэхээр түүнийг манайд хэр үнээр ажиллаж байгааг барагцаалж болохоор. Тэгвэл төдий хэмжээний мөнгийг катарчууд өгснийхөө хариуд Монголоос юу хүсэх бол гэдэг бас сонин асуулт. Үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг шүү дээ.

 

ЭДИЙН ЗАСАГТ ЯМАР ТУС АВЧРАХ ВЭ

 

Ямартай ч ингээд Тони Блэйр Монголын Засгийн газрын бодлогын сайн, сайхныг магтлаа гэж бодъё. Дараа нь юу болох вэ. Засгийн газруудын чадавхийг үнэлдэг рейтингийн компанийн төлөөлөгчид манайд хүрч ирээд “Танайх ёстой болж байна. Энэ эрчээрээ ажиллаад байгаарай” хэмээн баяр хүргэнэ гэж үү. Гэвч үгүй юм. Хэрэв тэд бидэнд баяр хүргэхгүй бол манай улс гадны хөрөнгө оруулагчдыг татаж чадахгүй. Манайд үйл ажиллагаа явуулж буй компаниуд ч бас олон улсад үнэлэгдэхгүй. Тэгэхээр нөгөөх эдийн засагт үүсээд буй хямрал намжихад улам л хэцүү болох юм. Тэр үед Тони Блэйр мэтийн хүмүүст зарцуулсан мөнгөө хэд дахин тоолоод ч нэмэргүй.

Улс орнуудын зээлжих зэрэглэлийг тогтоодог “S&P”, “Fitch”, “Moody’s” гэх гурван агентлагийн төлөөлөгчид голдуу тухайн улсын төрийн болон хувийн хэвшлийн голлох хүмүүстэй цуврал уулзалт хийж, мэдээлэл авдаг. Тэгээд бодлогын асуудлаар санал солилцож, тодорхой статистик мэдээлэлд дүн шинжилгээг хийх зэргээр үе шаттай ажлууд хийсний дараа тайлан гаргаж, зээлжих зэрэглэлийг шинэчлэн тогтоодог. Гэтэл хамгийн сүүлд өнгөрсөн дөрөвдүгээр сард “S&P” агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг ВВ- болгохдоо хэтийн төлөв байдалд нь “Сөрөг” гэх үнэлгээ тавьсан билээ.

Аливаа улсын зээлжих зэрэглэл гэдэг нь олон улсын зах зээл дэх тухайн Засгийн газрын нэр хүнд, нэрийн хуудас болдог. Гэтэл манай зээлжих зэрэг буурах хангалттай шалтгаан бий болчихоод байна. Экспорт нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалтад таатай, хамгийн гол маш тодорхой орчин бүрдэх, хууль эрх зүйгээ ойлгомжтой болгох шаардлага бидэнд бий болчихож. УИХ-ын дарга З.Энхболд саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манайх шиг зээлжих зэрэглэл нь BB- болсон улсын бонд 7-8 хувиар  зарагддаг байхад манайх 4.5-5.5-ын хооронд зарагдсан” хэмээн ярьсан. Тэгвэл энэ нь манай улсын хэтийн төлвийг тааруухан байна гэж үнэлсэнтэй ч холбоотой байж мэдэх юм. Түүнээс гадна хамгийн сүүлд “Moody’s” агентлаг Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “MMC” компанийн бондын үнэлгээг бууруулсан гэх мэдээ байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын орчин таагүй байгаа нь зөвхөн Засгийн газарт төдийгүй, Монголд үйл ажиллагаа явуулж буй гадна, дотны компаниудад ч сөргөөр нөлөөлж эхэлжээ. Энэ бүгдийг өөрчлөхийн тулд Засгийн газар ажиллах хэрэгтэй байна. Зүй нь бол УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх гэж буй Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг сайн боловсруулах нь Тони Блэйрийн пиар ажиллагаанаас илүү ач холбогдолтой юм. Монголын Засгийн газар ард түмэндээ өөрсдийгөө сурталчлахын оронд хилийн чинад дахь нэр хүндээ анхаарах цаг болжээ.

 

Т.Элиса