Хаврын сар, сонгуулийн жилтэй холбоотой Монголын нийгэм дэн дун, дээр доор. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л нэгэн шинэ нам дуун хадаан мэндэлж, хуучин бууны хугархайнууд нь эвсэнэ эвсэхгүй гэж сонгуулийн шоу хийгээд амжлаа. Харин энэ үеэр МЗХ-ны залуус ч мөн адил завгүй явж байгаа сурагтай.

Сүүлийн жил гаруй хугацаанд “Хулгайчгүй Монгол”, “Хар цагаан жагсаалт” хэмээн давалгаалуулж буй тэд аймаг, орон нутагт ч хүчээ авчээ. Учир нь “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийхөн орон нутгийн иргэдтэй ээлжит уулзалтаа хийж байгаа бөгөөд Увс аймгаас гараагаа эхэлсэн тус уулзалт цааш 5 бүсэд үргэлжлэх гэнэ.

Өнгөрсөн 4-р сарын 18, 19-нд Увс аймгийн иргэдтэй уулзсан тэд “Иргэд, залуусаа сонгуульдаа оролцъё. Сонгох сонгогдох эрхээ идэвхжүүлье. Хулгайчийг биш шинэ цэвэр хариуцлагатай хүмүүсийг сонгоё” хэмээн уриалсаар явна. Иргэд, залуус ч энэ санаачлагыг ихэд дэмжиж байгаа бөгөөд энэ удаа шинэ сонголтын төлөө, өөрийнхөө ирээдүйн төлөө сонгуулиа өгнө. Ямар ч намын “хулгайч” худлаа яриад ирэхэд тэднийг дахин сонгохгүй. Ёстой ганц сайн хашраая” гэж шогширч байгаа гэнэ.

Ер нь орон нутгийн уулзалтын үеэр иргэд нилээн уур бухимдалтай байжээ. “Хулгайчийг дахин сонгохгүй”, “Иргэдийнхээ төлөө ажиллахгүй мөртлөө, өөрийгөө тордоод байгаа нөхдүүдийг дахин төрд гаргахгүй”, “Монголын залуучууд их цэвэрлэгээндээ орох нь зөв. Өөр хэнд ч найдалтгүй болжээ”, “Энэ жил өөрийнхөө төлөө, ирээдүйнхээ төлөө сонгуулиа өгнө”, “Биднийг мөрөөдлөөр минь мөлхүүлж байна” гэх зэргээр саналаа хэлж бухимдлаа илэрхийлээд авчээ.

МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат болон тус хөдөлгөөнийхөн Увс аймгийн иргэд, залуустай чөлөөт уулзалт хийж, зах, дэлгүүр, айл өрх, сургууль, албан байгууллагаар орж орон нутгийн амьдралтай танилцан, ахмадуудынхаа саналыг мөн сонсжээ. Энэ үеэр иргэд “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд аймаг сумын хэмжээнд өөрсдөө хар жагсаалт гаргана гэдгээ ч мэдэгдсэн байна. Дашрамд дурдахад Хулгайчгүй Монгол хөдөлгөөнийхөн 4-р сарын 21, 22-нд Архангай аймагт ажиллах юм байна.