Ази, Европын парламентчдын түншлэлийн Есдүгээр уулзалтыг хэрхэн дүгнэж буй талаар УИХ-ын дарга З.Энхболд болон УИХ-ын гишүүд, ОХУ-ын Холбооны хурал, Төрийн Думын гишүүд, Европын парламентын дэд Ерөнхийлөгчөөс байр суурийг нь сонирхсон юм.

 

Монгол Улсын их хурлын дарга З.Энхболд:

 

-АЕПТ-ийн Есдүгээр уулзалтыг хэрхэн дүгнэж байна вэ?

 

-Монгол Улсын Их хурал АЕПТ-ийн 9 дүгээр уулзалтыг улс эх орондоо амжилттай зохион байгуулж, үр дүнгээр нь Тунхаглал баталлаа. Парламентчид хоёр бүс хоорондын түншлэлийг бэхжүүлэхэд чиглэсэн АСЕМ-ын үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн дэмжих, АСЕМ-ын үйл ажиллагаанд парламентын оролцоог бэхжүүлэх, АСЕМ болон Ази-Европын парламентын түншлэлийн хооронд хэлхээ холбоог бататгах, Ази-Европын улс түмний нийтлэг зорилт, эрх ашгийг амьдралд хэрэгжүүлэхэд парламентуудын үүргийг нэмэгдүүлэх асуудал дээр санал нэгдсэн. АЕПТ-ийн 9 дүгээр уулзалт АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг угтан зохиогдох арга хэмжээнүүдийн салхийг хагалж байгаагаараа онцлог бөгөөд бид гараа сайн бол бариа сайн гэж ярьдагаар дараа дараагийн саруудад болох арга хэмжээнүүд Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын нэгэн адил амжилттай болно гэдэгт итгэлтэй байна.

 

-Салбар хуралдааны үеэр ОХУ-тай хамтарч чөлөөт бүс байгуулах асуудал яригдаж байсан. Энэ ажил хэрхэн хэрэгжих вэ?

 

-Дэлхийн бүс нутгуудын хороонд олон чөлөөт бүс байдаг. ОХУ-тай чөлөөт бүс байгуулах ажил бол зайлшгүй яригдах ёстой. Хэрэв бүсийн хэмжээний интеграци бий болдог бол Монгол Улс зайлшгүй орно. Одоогийн байдлаар ганцхан Япон улстай чөлөөт худалдааны хэлэлцээртэй байгаа. Тиймээс АСЕМ-ын уулзалтанд энэ сэдэв хөндөгдөх юм бол бид дэмжих байр суурь илэрхийлнэ.

 

-Хүний эрхийн асуудалтай холбоотой улс орон бүрийн байр суурийг нэгдмэл утгаар нь Тунхаглалдаа хэрхэн тусгасан бэ?

 

-Тунхаглалд оруулсан гишүүдийн байр суурь бол зөвхөн нэг улстай холбоотой асуудлыг аль болох оруулахгүй, нийтлэг асуудлыг тусгахаар илэрхийлж байгаа нь өчигдрийн бэлтгэл хуралдаанаас эхлээд ажиглагдсан. Хүний эрхтэй холбоотой асуудлыг одоогийн байгаа текстээр нь санал нэгтэй дэмжсэн гэсэн үг. Үүнээс арай өөр саналтай байсан улс орны саналыг АЕПТ-ийн 9 дүгээр уулзалтын эмхэтгэлд оруулахаар болсон.

 

-Монгол Улсын хувьд эмэгтэйчүүдийн эрх, засаглалын зөв тогтолцоо гэх мэт асуудлыг тунхаглалд тусгуулахаар санал оруулсан. Энэ нь дэмжигдсэн үү?

 

-Дэмжигдсэн.

 

 

Европын парламентын дэд Ерөнхийлөгч Ришард Царнечки /Ryszard Сzarnecki/:

 

-АЕПТ-ийн Есдүгээр уулзалтыг хэрхэн дүгнэж байна вэ?

 

-Юуны өмнө Монгол Улсад хүрэлцэн ирсэндээ таатай байна. Өнгөрсөн 14 сарын хугацаанд Монгол Улстай танилцах боломж надад гарсан. 2015 оны 2 дугаар сард Европын холбооны парламентын төлөөлөгчдийн тэргүүлэн Монголд айлчилж байсан. Үүний дараа 2015 оны зургадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн өндөр хэмжээний айлчлал хийж, Страсбург хотод уулзах боломж гарч байсан.

 

Европын парламентын хувьд Монгол Улс нь төв Азийн нэн чухал түншүүдийн нэг. Бидний хувьд нэгдсэн ашиг сонирхол бүхий сайн харилцаатай байдаг.

 

АЕПТ-ийн Есдүгээр уулзалтад Европын парламентын төлөөлөгчид өнгөрсөн хугацаанд гарсан ололт амжилтаас гадна нийтлэг эрх ашгийнхаа төлөө ирээдүйд юу хийх вэ гэдэг талаар ярилцах зорилго өвөрлөж ирсэн. Монгол Улс АСЕМ-ийн чухал хэсэг болсон АЕПТ-ийн өндөр түвшний уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

 

-Европын парламентчид салбар хуралдаан, Тунхаглалд ямар санал, асуудлыг хөндөж, тусгав?

 

-Ази, Европын орнуудын яриа хэлэлцээрийн энэ талбар нь хоёр тивийн хамтын ажиллагааны хувьд маш чухал. Бид нийтлэг ашиг сонирхлоо, ялангуяа шинээр гарч ирж буй нөхцөл байдлын хүрээнд харилцан хамгаалах хүрээнд яриа хэлэлцээр өрнүүлэх маш чухал бүтэц гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ үүнийг цааш нь хэрхэн улам сайжруулж болох вэ гэдэг нь их чухал асуудал. Ази, Европын дээд түвшний уулзалт нь 2 жилд 1 удаа зохион байгуулагддаг. Тиймээс зөвхөн дээд түвшний чуулганаар бус чуулга уулзалтын хоорондох хугацаанд байнгын харилцан бие, биенээсээ суралцах, яриа хэлэлцээр өрнүүлэх, хамтын үйл ажиллагааг ойртуулж дөхүүлэх ямар механизм байж болох вэ гэдэг асуудлаар Европын парламентын зүгээс саналаа оруулсан. Тодруулбал удирдах хороо эсвэл байнгын хороо гэх мэт ямар нэг институцийн түвшний бүтцээр байнгын үргэлжилсэн ажиллагааг бий болгох хэрэгтэй гэж үзсэн.

 

-Байнгын үйл ажиллагаатай болох шаардлага нь юу байна вэ?

 

-Ази, Европын хувьд гэлтгүй дэлхий дахинд эдийн засгийн тогтворгүй байдал нэмэгдэж байна. Тиймээс энэ үед бид улам нягт, гүн гүнзгий хамтын ажиллагаа өрнүүлэх шаардлагатай байгаа юм. Европын холбооны хувьд холбоон дотроо эдийн засгийн агуулгын хувьд нэгдэж нийлэх интеграцийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдсэн байдаг. Нөгөө талдаа Ази тивийн бүс нутгаас энэ чиглэлээрх байр суурь, мэдэгдэл, алсын харааг нэгдмэл байдлаар гаргах нь чухал гэж бодож байна.

 

Бид даяарчлын үйл явц бутарч салж байгаа ийм үед байна. Маш олон томоохон бэрхшээлтэй нүүр тулж байна. 20 жилийн өмнөхтэй харьцуулахад олон өөрчлөлт гарсан. Тэгэхээр яг энэ цаг үед Ази, Европын хувьд эдийн засгийн болон улс төрийн хувьд хамтын ажиллагаагаа илүү бодитой болгох шаардлагатай байна. Ийм ч учир шалтгаанаар бид АСЕМ, АЕПТ-ийн байнгын үйл ажиллагааг тогтмолжуулах санал санаачлага гаргасан юм.

 

ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн гишүүн Баяр Жамсуев:

 

-Энэхүү уулзалтыг маш өндөр түвшинд зохион байгуулсанд баяр хүргэж байна. ОХУ-ын парламентын Дээд, доод танхимын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн. ОХУ Европ Азийг холбосон улс гүрний хувьд ийм арга хэмжээнд идэвхтэй оролцохыг эрмэлздэг. Европ болон Азийн орнуудын тулгамдаж буй асуудлыг бид сайн мэдэрч, ойлгож байдаг. Бид мөн АЕПТ-ийн уулзалтад оролцохдоо Ази, Европыг төлөөлсөн бүрэлдэхүүнтэй ирсэн. Өнөөдөр баталсан тунхаглалыг батлахад ОХУ-ын төлөөлөгчид идэвхтэй оролцлоо.

 

-ОХУ-ын төлөөлөгчид Тунхаглал болон хуралдаанд ямар санал, санаачлага тусгасан бэ?

 

-Гурав дахь хөршөөс ямар нэг дарамтгүйгээр харилцаа хамтын ажиллагаа хөгжих ёстой гэдгийг бид дэмжиж байгаа. Мөн Тунхаглалд туссан олон зарчмын асуудлуудыг бид дэмжсэн. Тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх явцад олон улсуудтай, түүний дотор манай хөрш орнуудтай байр суурь нэгдэж, ойлголцолд хүрсэн гэдгийг онцолмоор байна. Ялангуяа Монгол Улстай бид мөнхийн хөршийн хувьд харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд байр суурь нэг байгаа.

 

ОХУ-ын Төрийн Думын гишүүн Александр Тарнавски:

 

-Ази, Европ тив өөр, үнэт зүйл ялгаатай ч бидний байр суурь нэгдмэл гэдгийг хэлмээр байна. Парламентчдын нэг гол зарчим бол уулзах, ярилцлах, байр сууриа ойртуулах юм. Ингэж байж бие биенээ бүрэн ойлгоно. Өнөөдрийн уулзалтад оролцож буй боломжийг ашиглаад бид Монголын парламентын гишүүдтэй, тэр дундаа УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгэмийн гишүүдтэй уулзаж, хоёр орны парламент хоорондын харилцааны талаар ярилцсан. Бидний ирээдүй өөдрөг гэгээтэй байна гэж үзсэн.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Монгол Улс АСЕМ-ыг эх орондоо зохион байгуулах нэр хүндтэй үүрэг хүлээсний хувьд өнөөдрийн уулзалтад голлох чиг үүрэгтэй оролцлоо. Монгол Улс нь Ази, Европын төв цэгт оршдгийн хувьд эдийн засаг, улс төрийн хувь маш ач холбогдолтой. Тэр дундаа тайван замаар аливаа асуудлыг шийддэг ардчилсан улсын хувьд Ази, Европт үүсдэг тодорхой үл ойлголцлыг шийдвэрлэхэд ач холбогдол өгч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Энэ уулзалтаар үүнд ач холбогдол өгч байгаа.

 

Аливаа улс орнуудын хувьд парламентын нөхөрлөл хамгийн чухал байр суурь эзэлдэг. Тиймээс парламент хоорондын нөхөрлөлийг идэвхжүүлж харилцан туршлага солилцож байх нь чухал.

Н.Гантуяа

www.montsame.mn