УИХ-ын нэгдсэн чуулганаар Хэлэлцэх асуудлын хуваарьт нийтдээ 17 асуудал багтсан байна. Эхний асуудал нь Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлт /Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай юм.

Өөрөөр хэлбэл ҮХЦ-ээс гаргасан жагсаалтын 28-н суудлыг мажоритар болгох тухай асуудлыг хэлэлцэх юм. Үүнийг МАН, АН-ын гишүүд дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Харин МҮАН, МАХН, ИЗНН-ын гишүүд жижиг намуудад халтай шийдвэр гаргалаа хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Учир нь мажоритар систем бол илүү санал дэмжлэг авсан нь олон суудал авдаг тогтолцоо юм.

Тэгвэл эл асуудлыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Э.Баянсэлэнгэ "Өглөө 9 цагт бүлгээ хуралдуулах зар өгсөн. Таван хүн ирцээ бүртгүүлчихээд бүлгийн хуралдаанд орсон. Гишүүд хэлэлцүүлэгт орох ёстой. Манай бүлэг энэ суудлыг хэлэлцэж дэгийн хуулийн дагуу 7.1.4-ээр тав хоногийн завсарлага авахыг хүсэж байна" гэв.

Үүний хариуд УИХ-ын дарга З.Энхболд Шударга ёс эвсэлийн бүлэгт завсарлага өглөө. Харин тав хоногийн хугацаатай бус хурдан хуралдаж үдээш хойш, маргаашийн дотор саналаа өгөхийг үүрэгдлээ.