Энэ долоо хоногийн онцлох үйл явдлын тоймыг хүргэж байна.

 

Улстөрд Нэг хэсэг нь намаа сольж тоглож байхад нөгөө хэсэг нь намаасаа хөөгдөх нь сонгуулийн синдром бололтой. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар намаа солих гэж буй тухайгаа яриа энэ долоо хоногийн анхаарал татсан сэдвийн нэг байлаа.

Тэд УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнөхөн МАН-ыг орхиж, МАХН-д элсэж байсан. Тэгвэл гишүүд МАХН-аас гарч экс намдаа буцан очих гэж буй гараад нэлээдгүй хугацааг өнгөрөөв. У.Хүрэлсүх Монгол Улсын Шадар сайдаар томилогдсоныхоо дараахан "Би өөрөө явуулсан учраас Ч.Улаан, Д.Тэрбишдагва хоёрыгоо өөрөө буцаж намдаа авчирна" гэж намынхандаа хэлсэн тухай яриа бий. Нэг намаас гарч нөгөө рүү орох шалтгаан хэрэг болдог нь гарцаагүй. Тэгвэл тэд хэдийнээ шалтгаанаа олчихсон аж.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва чуулганы нэгдсэн хуралдааны үеэр намын бүлэг нь Цэцийн шийдвэрийг эсэргүүцэн завсарлага авсныг эсэргүүцэж "Ард түмний 90 гаруй хувь нь хүсээд, сонгуулийн хуулийн өөрчлөлт хийгээд байхад бүлэг ийм балай юм хийж болохгүй. Би өчигдрийн бүлгийн хуралдаанд оролцоогүй. Надаар үг хэлүүлэхгүй байна. Би үг хэлсэн бол энэ завсарлага авах асуудлыг ч гэсэн болиулмаар байна" гэсэн юм.

Мөн З.Баянсэлэнгэ гишүүнийг завсарлага авсны дараа Д.Тэрбишдагва микрофонгүйгээр "Манай намын бүлэг Цэцийн дүгнэлтийг дэмжихгүй юм бол би бүлгээсээ гарна" гэж орилов.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ч.Улаан "МАХН-аас гарч, МАН-д элсэх нь байж болох л асуудал. Гол нь хоёр намаа нэгтгэхийн төлөө л ажиллах ёстой" хэмээн намаа солих бодлоо илэрхийлээд буй.

Ийнхүү намаа сольж сэлгэх асуудлыг хажуугаар сонгуульд нэр дэвшигчид мэдэгдэл хийгээд эхэлсэн. Н.Энхбаяр: Манай нам дангаараа сонгуульд оролцоно. Би ч сонгуульд өрсөлдөнө гэсэн нь олны анхаарлыг ихэд татаад байгаа билээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр “МАН-тай эвсэх ажлын хэсэг байгуулагдаж эвсэх асуудлаар хэлэлцсэн. МАН энэ сарын 19-нд дангаараа сонгуульд оролцоно гэдэг шийдвэрийг гаргасан. Сонгуульд эвсэл болж орох тухай асуудлыг 29-нд эцэслэн шийднэ гэсэн хуулийн заалт байгаа. Тиймээс бид 19-ны өдрийн орой МАН-д хандаж уриалга гаргасан. Тус уриалгад ""Хоёр нам сонгуульд эвсэж орох асуудлыг яаран битгий шийдээч" гэсэн. Харин МАН-ынхан бидний уриалгад одоог болтол хариу хэлээгүй. Бид өчигдөр УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл гуайгаар дамжуулж МАН-ын дарга М.Энхболдод энэ асуудлыг сануулаад эцсийн байр сууриа илэрхийлээч гэсэн. Харин тэрбээр Бага хурлын шийдвэр гарчихсан байгаа учраас эргэж, буцах зүйл байхгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Тэд СЕХ-нд "МАН дангаараа сонгуульд орно" гэж албан ёсоор мэдэгджээ.

Нийгэмд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэнд иргэд ихээхэн баярласан. Харин ингэснээр торгуулийн хэмжээ нэмэгдэнэ гэв.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмнэ гэдэг цалин нэмэгдэнэ гэсэн үг биш юм. Харин хөдөлмөрийн хөлсний хэмжээгээр жишиг барьдаг төлбөр, торгуулийн хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг. Ялангуяа хувийн компаниуд цалингаа тэр бүр нэмэхгүй. Иргэдийн хувьд хувиараа нийгмийн даатгал төлдөг бөгөөд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр баримжаалан төлдөг аж. Хамгийн багадаа 21 мянган төгрөг байдаг тэгвэл ирэх жилээс энэ тоо өсөх болж байгаа юм. Түүнчлэн Жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192500 төгрөгөөр торгодог байсан бол ирэх жилээс энэ тоо 240.000 төгрөг болно.

хөдөлмөрийн хөлсний хэмжээгээр жишиг барьдаг төлбөр, торгуулийн хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмэгдэхтэй холбогдуулан энэ итгэлцүүрт дүйцүүлсэн торгуулийн хэмжээ бүгд өснө гэсэн үг. Өнгөрсөн намраас хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд жолоочийн хариуцлагыг өндөржүүлэх үүднээс зөрчил гаргасан жолоочийн торгуулийн хэмжээг нэлээд өндөр ногдуулсан. Тэгвэл уг торгуулийн хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэмэгдэлтэй уялдан ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 25 хувиар өснө.

торгуулийн хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэмэгдэлтэй уялдан ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 25 хувиар өснө

Тухайлбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээгээр буюу 48 мянган төгрөгөөр торгоно гэж заасан. Тэгвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр 60 мянган төгрөгийн торгууль төлөх болно. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 384 мянга байсан бол 480 мянган төгрөг болж өснө. Харин согтуугаар давтан жолоо баривал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ 768 мянга байсан бол 960 мянган төгрөгийн торгууль төлнө. Ганц замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочийн торгууль бус хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр дүйцүүлдэг бүх торгуулийн хэмжээ дээр дурдсан шиг өөрчлөгдөнө. Түүнчлэн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцдог торгууль шийтгэлийн хэмжээ нэмэгдэхээс биш ард иргэдийн цалин нэмэгдэхгүй гэдгийг дахин нэг сануулъя.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд ажиллаж байгаа ажилтанд төлөх хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээ юм.

Хэдэн цагдаагийн амь, эрүүл мэндээр “туг тахиж” байж эрх зүйн орчинг сайжруулах вэ

“Хүн төр хоёртоо эн тэнцүү хуваагдсан хүнийг цагдаа гэдэг” хэмээн Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, МУСГЗ, яруу найрагч Б.Лхагвасүрэн хэлсэн байдаг.

Тэгвэл хүн, төрдөө зүтгэснийхээ төлөө 2011 онд 87, 2012 онд 110, 2013 онд 134, 201 онд 170, 2015 онд 156 цагдаа хохирсон байна. Тодруулбал 2011-2015 оны байдлаар албан үүргээ гүйцэтгэж байхдаа Эрүүгийн хуулийн 13 зүйлээр 471 гэмт хэрэгт хохирсон байна. Харин 2016 оны эхний улирлын байдлаар цагдаагийн 13 алба хаагч гэмт хэрэгт өртсөн байна. Энэ нь дөрвөн өдөр тутам нэг цагдаагийн алба хаагч гэмт хэргийн хохирогч болж байна гэсэн үг юм.

Өмнө нь сүлдтэй хувцас өмссөн алба хаагчийг хүн бүр төрийн минь сүлд өршөө хэмээн хүндлэн харьцдаг байсан. Тэр ч утгаараа цагдаад халддаггүй байсан. Харин хувцаснаас өөр хамгаалах хэрэгсэлгүй цагдаагийн алба хаагчид сүүлийн үед ийнхү гэмт хэргийн золиос болж байгаа нь эрх зүйн зохицуулалтгүй байхгүйтэй шууд холбоотой юм. Өөрөөр хэлбэл цагдаа өөрийгөө хамгаалж чадахгүйдээ биш, гэмт хэрэгтний өөдөөс буу гаргах хууль эрх зүйн зохицуулалт байдаггүй. Мөн гэмт хэрэгт холбогдсон хүмүүс өөрийгөө гэм буруугүй мэт харагдуулахын төлөө цагдаа нарыг муулж, олон нийтийн дунд цагдаагийн байгууллагын нэрийг унагаж байгаатай холбоотой.

Уг нь цагдаа, эмнэлэг, онцгой байдлын албыг улс төржүүлэх ёсгүй. Харамсалтай нь эрүүл мэндийн салбарыг улс төржүүлснээр өнөөдөр “ялзраад” байгаа. Одоо цагдаагийн байгууллагаар оролдож, эрх зүйн орчинг сайжруулаагүйн улмаас 2011 оноос өнөөдрийг хүртэл 484 цагдаагийн алба хаагч гэмт хэргийн золиос болохгүй байсан.

Хамгийн сүүлийн жишээ, цагдаагийн байгууллагад алба хаагаад хоёр жил болж байгаа 22-хон настай цэл залуу үүрэг гүйцэтгэж яваад амь үрэгдэв. Түүнийг хөнөөсөн этгээд өөрийгөө боомилсон болохоор хэргийг хаана. Харин ар гэрийнхэнд нь 36 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмж өгнө. ЦЕГ-ын дарга Р.Чингисийн тушаалаар ЦЕГ-ын орлогч даргаар ахлуулсан ажлын хэсэг гарч талийгаачид хүндэтгэл үзүүлэхээр болсон. Гэмт хэргийн золиос болсон цагдаагийн хэрэг ингэс хийгээд мартагдана. Харин ар гэрийнхэн нь хохироод үлдэнэ.

Гэр бүлийн хүчирхийлэл, зодоон, дээрэм гээд болохгүй бүтэхгүй бүхэнд цагдааг явуулдаг. Хэдийгээр муу муухай бүхэнд явж байгаа ч төр түмэндээ тангараг өргөсөн болохоор хэцүү байсан ч, өвдөж зовсон ч асуудал тоочилгүй үүргээ гүйцэтгэдэг. Уг цагдаа ч гэсэн хүн. Хүний ард хүн байдаг. Хүний ард хүн байдгийг санаж цагдаагийн эрх зүйн орчинг боловсронгуй болгохгүй бол цэл залуугаараа төр түмэндээ эн тэнцүү үйлчлэх залуусынхаа урам зоригийг мохоосоор байх болно.

Уг нь цагдаагийн албаар тоглож байхынхаа оронд эрх зүйн орчинг сайжруулсан бол 2011 оноос өнөөдрийг хүртэл 484 цагдаа хохирохгүй л байсан. Хичнээн цагдаагийн амь нас, эрүүл мэндээр “туг тахиж” байж эрх зүйн орчинг сайжруулах ёстой вэ эрх баригчдаа...

Эдийн засаг: Иргэдийг доллар, мах, гурилын өсөлт мөлxүүлэх нь үү дээ

Он гарсаар ам.долларын ханш зогсолтгүй өссөөр гуравдугаар сарын сүүлээр 2050 төгрөг даваад байсан юм. Харин өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр 1978.39 төгрөгтэй тэнцэж байсан юм. Харин өнөөдрийн байдлаар монголбанкнаас ам.долларын нэрлэсэн үнэ нь 2009.41-т хүрчээ. Арилжааны банкуудад 2004-2008 төгрөгөөр авч, 2014-2018 төгрөгөөр худалдаж байна.

Ийнхүү доллар суларч байсан ч эргэн өсөв. Эдийн засгийг эрчимжүүлж, алт олборлолтыг нэмэгдүүлэхээр алт олборлогчдод 256 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай, 9 хувийн хүүтэй зээлүүлэхээр Засгийн газар өнгөрсөн онд шийдвэрлэсэн. Гэхдээ одоог хүртэл алт олборлогчид хөнгөлөлттэй зээлээ арилжааны банкуудаас аваагүй л байгаа юм. Долларын өсөлтийг саармагжуулах дорвитой хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаатай холбон тайлбарлав. Нөгөөтэйгүүр манай улсын эдийн засаг тогтвортгүй, хямралтай байгаагийн улмаас гадаад валютаа даган өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж орхидог. Энэ жишгээ өнөөг хүртэл дагасаар л. Удахгүй махны үнэ хаданд гарвал гайхах хэрэггүй бололтой. Цалинг нэмэгдэхгүй байж идэх зүйлсийнх нь үнэ өсөхөөр хүмүүс килограммын худалдан авалтдаа шилждэг хэмээдэг. Энэ ч бичигдээгүй хууль шүү. НӨАТ хэсэг иргэдийг сөхрүүлсэн өдгөө үлдсэн хэсгийг нь доллар, махны өсөлт мөлхүүлэх нь үү дээ. Улсын төсөвт долларыг 2030 төгрөг байхаар тусгасан нь дэндүү өндөр босго болсон.

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 11 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн дөрөвдүгээр долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 22 нэрийн барааны үнэ тогтвортой, гурван нэрийн барааны үнэ буурсан, долоон нэрийн барааны үнэ өсчээ. Үүнд : "Алтан Тариа" задгай гурил мөн савласан дээд гурил, Үхрийн мах, цул, Хонины мах, ястай Хонины мах, цул Үхрийн мах, ястай, Монгол Байцаа, Манжин үнэ нэмэгджээ.

Спорт: М.Анхцэцэг Ази тивийн аварга боллоо

Узбесктаны Ташкент хотноо болж буй "РИО-2016" олимпийн эрх олгох хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний аваргаар ОУХМ М.Анхцэцэг шалгарлаа. Өчигдөр болсон эмэгтэй 75 кг-ын жинд тэрбээр огцомоор 112 кг, түлхэлтээр 132 кг, нийлбэрээр 244 кг-ыг өргөн аваргаар тодров.

13 жилийн өмнө БНХАУ-д болсон Азийн аваргаас Л.Одгэрэл мөнгө, хүрэл медалийг эх орондоо анх удаа авчирч байсан билээ. Тэгвэл олимпийн эрх олгох энэхүү тэмцээнд М.Анхцэцэг түрүүлж, төрийнхөө дууллыг Ташкентийн тэнгэрт эгшиглүүллээ. Мөн ОУХМ Б.Энхтамир огцомоор 98 кг, түлхэлтээр 116 кг, нийлбэрээр 214 кг-ыг өргөн шагналт V байр эзлэв. Энэ жинд Япон, Энэтхэг, БНСУ, Узбекстан, Тайвань зэрэг найман орны 10 тамирчин өрсөлдлөө. БНСУ, Тайваны тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртэн медалийн тавцанд зогслоо.

 

Тоймыг бэлтгэсэн:Х.Даваа