"Би юу хийчихэв ээ" хэмээх бичлэгээрээ шуугиан тарьсан жүжигчин Б.Амарсайхан шүүхэд дуудагдахаар болсон хэмээж байсан билээ. Тэгвэл түүнээс СБД-ийн цагдаагийн 1-р хэлтэсээс дуудаж байцаалт авчээ.

Энэ талаар тэрбээр " Болсон явдлыг та нар мэдэж байгаа. Би тайлбар өгөхдөө миний хэлсэн зүйлд худлаа ярьсан юм байхгүй. Үндсэн хуулийнхаа дагуу өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн. Олон удаа сонгуульд оролцож үзсэн анх удаагаа цагдаад дуудагдаж байна" гэлээ.

Түүнийг өмгөөлөгч Г.Батбаяр өчигдөр жүжигчин Б.Амарсайханыг шалгуулахаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгуулахаар өгсөн гэдгээ мэдэгдсэн юм. Энэхүү гомдолыг дагуу Б.Амарсайханг ийнхүү шалгаж эхлэв.

Өмгөөлөгч Г.Батбаяр "Жүжигчин Амараагийн энэхүү үйлдэл нь "сонгуулийг будлиантуулж, Төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авах санаа зорилгыг агуулж, ард олны амгалан тайван байдлыг алдагдуулж, айдас хүйтэст автуулан, оюун санааны хүчирхийлэл үйлдэх аргаар санаа бодлыг хувирган тогтворгүй болгох.." гэмт хэргийн шинж агуулсан. Бүх юм болж бүтэхээ байж, улс орны тусгаар тогтнол алдагдчихсан юм шиг санаа бодлыг ард түмэнд бий болгох зорилго агуулж байгаа учраас эрх бүхий байгууллагууд Эрүүгийн хуулийн 82-р зүйлийг баримтлан шалгаж, цаана нь байгаа гэмт хэргийн санаа зорилго агуулсан этгээдийг олж тогтоох нь зүйтэй" гэсэн юм.