• 1
  • Бүхэл бүтэн 26 хүн сэжигтнээр татагдаж байсан “Хадгаламж” банкны 14 тэрбумын хэргийг ганцаараа нуруундаа үүрээд, 10 жилийн ял сонсон дээлээ нөмөрч явсан он жилүүдээ Ц.Чимэдцэрэн гэж нөхөр мартсан бололтой юм.

  • Магадгүй, том хүмүүстэй хамтран том хэмжээний мөнгө шамшигдуулж, том нөмөр нөөлгүүдийнхээ дэмээр 5-хан жилийг нарсанд өнгөрөөсөн болохоор, түүнд айдас хүйдэс ч гэж байдаггүй бололтой юм. Ингэж хэлэхийн учир нь Ц.Чимэдцэрэн дахиад л бараан замаар замнаж явааг нь гэрчлэх баримт бүхий мэдээлэл байгаа юм. Тэр талаар хүргэхээсээ өмнө Ц.Чимэдцэрэн гэж хүн яаж яваад 14 тэрбумын гэх хэргээр бидэнд танигдсаныг эргэн сануулах нь зохистой биз.

    Одоогоос 9 жилийн өмнө 2007 онд “Хадгаламж” банкнаас 14 тэрбум төгрөг улайм цайм дутаж, улстөрийн хүрээнд хүчтэй шуурга дэгдэж байлаа. Тухайн үед уг хэрэгт холбогдсон У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Т.Бадамжунай, Ж.Мөнхбат нарын нөхдүүдийг алга болсон 14 тэрбумаар БНСУ-д казинод тоглосон гэж шалгаж байсан ч, хэргийн гол эзэн нь тэд биш, харин тус банкны ахлах нягтлан бодогч, МАН-ын дэргэдэх МАСЗХ-ны тэргүүлэгчдийн нэг Ц.Чимэдцэрэн гэгч тодорсон юм. Хэдийгээр энэ нь нийгэмд итгэл төрүүлсэн төгсгөл биш байсан ч, яалтай билээ. Ямар ч байсан Ц.Чимэдцэрэн Солонгосын казинод зуун мянгаас сая хүртэл ам.доллараар тоглочихдог, тунчиг бийлэгжүү нэгэн байсныг нь гэрчлэх баримтууд байсан байдаг.

    Түүнийг “1997-2007 онд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, чек ашиглан гүйлгээ хийж, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн эд хөрөнгө, өмчийг шамшигдуулж, онц их хэмжээний хохирол учруулсан. Ингэхдээ банкнаас банкны хооронд хуурамч гүйлгээ хийдэг. Энэ нь Хадгаламж банкинд бүртгэгддэггүй. Хувийн дансаа ашигладаг байсан гэдэг нь тогтоогдсон байдаг. Тэр өөрөө ганцаараа бүгдийг үйлдсэн гэдэг ч, улстөр дэх хамтран зүтгэгчидгүйгээр төр улсын банкнаас тэгж их луйвар хийж, тэрийгээ нууж хааж явна гэдэг боломжгүй зүйл гэдгийг уг нь хаа хаанаа ухаарахтайгаа л даа. Гээд яахав, нэгэнтээ мань эр ганцаараа ялаа үүрэх гээд би л хэрэгтэн гээд байхад, хууль хүчнийхэн итгээд өнгөрсөн юмдаг уу даа. Ямартай ч 2008 оны гуравдугаар сарын 17-ны шүүх хурлын шийдвэрээр Ц.Чимэдцэрэн 220 удаагийн үйлдлээр 14 тэрбум 385 сая төгрөг завшсан нь тогтоогдож арван жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Түүнийг банк хооронд 63 удаагийн үйлдлээр 5.3 тэрбум төгрөг, компани, иргэдийн данс ашиглан 35 удаа 4.1 тэрбум, төрийн байгууллага руу 12 удаа 256 сая гаруй төгрөг, нийт 110 удаа 9.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн гэдгийг нотлох баримтаар тогтоосон байдаг. Тэрбээр Засгийн газрын хямдруулсан үнэт цаасыг худалдаж, банк хоорондын зээлийн хүүг нэмэгдүүлэх зэрэг аргаар тэрбум тэрбумаар нь хувьдаа мөнгө гаргаж ашиглаж байсан аж. Уг нь Улсын яллагч “Банкны шат шатны ажилчид, дарга нар хяналтаа сайн хийсэн бол ийм их хэмжээний хохирол учруулж чадахгүй байх боломжтой байсан юм” гэж байсан ч тэр ганцаараа хийсэн гэж гүрийсээр, 10 жилийн ялаа сонсоод, шоронгийн хоригдол болсон юм. Гэхдээ тэр нарсанд бусад шиг дарамтлуулаагүй. Цагдан хоригдсон хугацаатайгаа нийлээд таван жилийн ялыг биечлэн эдэлсэн бөгөөд хөдөлмөр эрхэлж байсан тул “ялтан хөдөлмөр эрхэлбэл эдлэх ялын хугацаанаас шагналын хоног хасах тухай” заалтын дагуу улиралд 30 хоног буюу жилд дөрвөн сарыг хасуулан тооцуулсан байдаг. Гол нь 2009 оны долдугаар сарын 9-нд гарсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1.1-д “Анх удаа хүнд гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн ялаас гурван жилийг хасна” гэж заасны дагуу түүний ялаас гурван жил нь хасагджээ. Түүнчлэн 2011 онд баяр наадмын үеэр дэглэм бууруулсан бөгөөд жирийн дэглэмтэй хорих анги руу шилжүүлсэн байдаг. Тэгээд шоронгоос гарах хүртэлх хугацаандаа хорих ангийн номын санчаар ажиллаж байгаад гарсан байдаг. Түүнийг 14 тэрбумын хохирлоо төлж барагдуулсан гэх мэдээлэл гарч байсан ч, баталгаажуулсан мэдээллийг албаны эх сурвалжууд өгддөггүй юм. Тэгвэл төр, түмний мөнгийг луйвардаж байгаад шоронд ороод гарсан Ц.Чимэдцэрэн дахиад л чих халууцуулсан мэдээллээр нэр нь тодорч байна.

    Эхнэр, дүүгийнхээ хамт залилан хийсэн байж болзошгүй Ц.Чимэдцэрэнг хэн хамгаалж байгаа вэ?

    Монголчууд “Эр хүн туг ч барина, тугал ч хариулна” гэдэгчлэн, Ц.Чимэдцэрэнг шоронгоос гараад ирэхэд адалж чичлээд байлгүй, хүн ёсоор угтаж, харилцаж, итгэж, найдаж байсан хүмүүс цөөнгүй ч байж. Гэтэл мань эр бусдын итгэл дээр дөрөөлөн тоглож, бусдыг залилсан байх юм. Ц.Чимэдцэрэнтэй хүн ёсоор харилцаж, итгэснийхээ төлөө хохирчихоод байгаа Д.Мөнхбаяр гэж иргэн хуулийн байгууллагад хандаад байгаа юм байна. Иргэн Д.Мөнхбаярын Хан-Уул дүүргийн орлогч прокурор М.Буяннэмэхэд гаргасан гомдолд бичсэнээс харахад 2014 оны 4 дүгээр сард Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн Цэцээгүн хотхоны 1 дугаартай хаусыг иргэн Ц.Чимэдцэрэнгээс 1 тэрбум 300 сая төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцон, улмаар Ц.Чимэдцэрэнд 250 сая төгрөгийг бэлнээр, шинэ Лексус-570, Лексус RX- 350, Хан-Уул дүүргийн Рапид хотхонд байрлах 3 өрөө байр, дулаан зогсоолыг шилжүүлсэн аж. Тодруулбал, 1 тэрбум төгрөгийг бэлнээр болон бартераар өгсөн аж. Үлдсэн 300 сая төгрөгийг хаусаа авсны дараа зээл авч өгөхөөр тохиролцсон аж. Тэгээд 2014 оны 6 дугаар сарын 1-нд Ц.Чимэдцэрэн хаусаа чөлөөлж, түлхүүрийг нь Д.Мөнхбаярт өгчээ. Тэрбээр байрандаа намар орно гэж байтал өөрийнх нь худалдаж авсан гэж ойлгоод явж байсан байрыг нь зарна гэсэн зар сонин дээр гарчихсан байж. Хэрэг дээрээ тэрхүү таун хаус нь Ц.Чимэдцэрэнгийнх биш өөр хүнийх байсан байна. Тиймээс Д.Мөнхбаяр Ц.Чимэдцэрэнгээс 1 тэрбум төгрөгөө нэхжээ. Харин Ц.Чимэдцэрэн түүний мөнгийг өгнө гэж явсаар өгөхгүй өдийг хүрчээ. Тиймээс Д.Мөнхбаяр 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаж, ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Л.Энхмөрөн шалгаад 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр эрүү үүсгэхээс татгалзаад прокурорт шилжүүлсэн байдаг. Д.Мөнхбаярын тухайд уг шийдвэрийг эсэргүүцэн гаргасан гомдлыг дор хавсаргаж байна.

  • Иргэн Д.Мөнхбаярын гаргасан гомдол үндэслэлтэй гэдэг нь дараах баримтуудаас тодорхой ойлгогдож байгаа юм. Тодруулбал, Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзэж байсан ч, иргэн Д.Мөнхбаярыг прокурорт гомдол гаргасны дараа тус цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасагт эрүүгийн хэрэг үүсгэжээ. Гэхдээ прокурорт удаа дараа шилжсэн боловч, нэмэлт мөрдөн байцаалтад дахин дахин буцааж байгаа учраас Д.Мөнхбаяр УЕПГ-ын Дотоод Аюулгүй Байдлын Хэлтэс болоод Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгаланд тус тус гомдол гаргасан байгаа юм. Түүний гаргасан гомдлуудыг дор хавсаргав.

  • 4
  • Түүний гаргасан гомдлоос харахад Ц.Чимэдцэрэн эхнэр Энхтуяа болон төрсөн дүү Цогтбаяр нарынхаа хамтаар иргэн Д.Мөнхбаярыг залилсан гэж ойлгогдож байгаа юм. Мөн Д.Мөнхбаяр нь хэрэг удаашраад байгаа асуудлыг дүүргийн прокурор Содномцогтой холбоотой гэж үзэж байгаагаа гомдолдоо бичжээ. Содномцог нь Ц.Чимэдцэрэнтэй дотно найз учраас өмгөөлж хамгаалсан алхмуудыг хийгээд байна гэж иргэн Д.Мөнхбаяр үзэж байгаа аж. Уншигч та түүний гомдлыг уншиж байгаа учраас энд дахин нурших нь илүүц биз ээ.
  • 6
  • За ямартай ч дээрх мэдээллүүдээс үзэхэд Ц.Чимэдцэрэн нарснаас наранд гараад төлөв түвшин байж чадахгүй байгаа нь ойлгогдож байна. Тэрбум тэрбумын хэрэг үйлдэж Монголчуудад танигдсан тэрбээр дахиад хэрэг үйлдэхдээ ч үнийн дүнг нь тэрбумаас буулгадаггүй л юм байна. Том артай, том нөмөр нөөлөгтэй гэдгээрээ түрий барин, бусдыг залилж мэхлэх явдал байж болшгүй үйлдэл билээ. Тиймээс холбогдох хууль хяналтын байгууллага нь уг хэргийг үнэн мөнөөр нь, хуулийн дагуу шийдэх нь шударга ёсонд нийцнэ гэдгийг сануулахад илүүдэхгүй биз.

    Эх сурвалж: Шуурхай.мн Э.Богема