Хууль, журам, ёс зүй гээчийг дагаж мөрдөх тал дээр асуудалтай хэрнээ нэг л их үнэнч шударгын туйл мэт хэлбэрдэгсэд олон. Тэгвэл тэдгээр хүмүүсийн эхэнд эрэмбэлэгдэгдэж таарах нөхөр бол УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг юм.

АН дахь “Алтангадас”-аа Алтангудас болтол нь улстөрд хор ч найруулж, саарыг хийж ирсэн тэрээр энэ сонгуульд З.Энхболдын бүлэглэлдээ шахуулж байна гэсэн бор шувууг зориудаар нисгээд байгаа нь цаанаа учиртай ч биз. Ерөнхий сайдын албан тушаалаас бууснаасаа хойш нэг л их чигч шударгын дүрд тоглох болсон тэрээр өөрийг нь нэр дэвшүүлэхгүй ямар нэг тохироо хийгдчих вий гэсэн айдастай, тайван ч унтаж чадахгүй байгаа бололтой юм.

Ер нь бол үнэхээр гэмгүй энхийн цагаан тагтаа шиг хүн бол ёстой юунаас нь айх билээ д ээ. Яалт ч үгүй хууль журмыг дээрээс нь гишгэлж ирсний хувьд ард түмний сонголтын шүүлтүүрээр орох цаг нь тулаад ирэхээр цаагуураа л эмээгээд байдаг ч биз. За тэгээд Н.Алтанхуягтай холбоотой анхаарал татсан мэдээллүүд цөөнгүй дээ. Тиймээс тэдгээр мэдээллүүдийг цувралаар хүргэж байна. Тэрээр шударга бус үйлдэлтэй эвлэрэхгүй, сөрж зогсоно гээд байдаг шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газрын тэргүүнээр ажиллах хугацаандаа ёсзүйгүй үйлдлүүд олныг хийсэн байдаг. Ажлыг амны хурдаар хийдэггүй гэдэг анхан шатны ойлголтыг засгийн тэргүүний тархинд суулгах шаардлага түүнийг Ерөнхий сайд болсноос 1 жилийн дотор тодорхой болж байлаа. Монголчуудыг 50-100 жил тэжээх учиртай Тавантолгойг дампуурсан гэх үгсийг амнаасаа ёстой торохгүй унагааж, гадаад ертөнцөд өөрсдийнхөө тухай сөрөг сурталчилгааг сайн дураараа хийсэн Ерөнхий сайд үнэн хэрэгтээ ярьдгаасаа тэс өөрийг ч хийж чаддаг нэгэн байв.

Уншигч та бүхэн санаж буй бол төрийн мэдлийн Төрийн банкны ТУЗ-ийн гишүүд өөрсдийгөө сайн ажилласан гэж үнэлцгээн өөрсдөдөө тус бүр 90 сая төгрөгийн урамшуулал олгочихсон байж билээ. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэдний энэ үйлдэлд ихэд зэвүүцэн, төрийн албан хаагчийн ёс зүйгээ уландаа гишгэсэн ийм хүмүүсийг төрийн албанд дахин ажиллах эрхгүйгээр халж явуулах нь зөв гэж үзэж буйгаа илэрхийлж, ТУЗ-ийн гишүүн байсан зургаан хүн тус бүрийг урамшуулал болгон авсан мөнгөө эргүүлэн төлж, эргэж ирэхгүйгээр төрийн албанаас явуулахыг ажиллаж байгаа яамных нь сайд нарт анхааруулаад байсан даа. Тэр нь ч зөв зүйтэй анхааруулга байсан. Гэтэл ийм анхааруулгыг үнэн хэрэгтээ Н.Алтанхуяг өөрөө өөртөө өгөх ёстой хүн гэдэг нь тодорхой болж байлаа.

Учир нь Н.Алтанхуяг тэр үед өөрийнхөө Б.Ган-Очир нарын зөвлөхүүдэд 30-40 сая төгрөгийн урамшуулал олгосон гэдгийг Засгийн газрын эх сурвалж хэлж байсан юм. Тэрээр Ерөнхий сайдын хувьд 7 зөвлөхтэй байсан бөгөөд тэдгээрийг нь танилцуулбал,

-Л.Гансүх ЕС-ын ахлах зөвлөх

-Д.Батмөнх

-Б.Ган-Очир

-Э.Дөлгөөн

-М.Хүдэрбаатар

-О.Цогтгэрэл

-Д.Кёкүшюзан Батбаяр нар Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан юм. Эх сурвалжийн өгүүлж байснаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийнхөө зөвлөх Б.Ган-Очир нарын нөхдүүдэд зөвлөхөөр ажиллаад 3 сар болж байхад нь буюу 2012 оны 12 дугаар сард, шинэ оны өмнөхөн урамшуулал олгосон байдаг. Тухайлбал, зөвлөх Б.Ган-Очиртоо шууд 40 сая төгрөгийн урамшуулал өгсөн байдаг. Б.Ган-Очирын тухайд улстөр дэх намтрыг нь харвал АН-ын Монгол хүн хөтөлбөр дээр ажиллаж байсан аж. Түүнчлэн Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаад 3-хан сар болохдоо 40 сая төгрөгийн урамшуулал авсан нь, угтаа бол намынхаа хөтөлбөр дээр ажилласных нь шагналыг л Н.Алтанхуяг төсвөөс гаргаж өгч гэж харахад хүргэж байгаа юм. Тэрнээс Б.Ган-Очирын хувьд өмнө нь төрд ажиллаж байгаагүй нэгэн. Тэрээр Ерөнхий сайдтай хамт Бурхан Халдунд төөрсөн нөхдүүдийн нэг гэдгээрээ харин олонд илүү танигдсан байх магадлалтай. Учир нь төөрч, будилж ирснийхээ дараа адал явдлынхаа тухай бараг ном биччихмээр түүхийг хэд хэдэн сонинд ярьсныг нь санаж байна.

Уг нь Засгийн газрын тэргүүний зөвлөхүүдийг шагнах тухай асуудал Төрийн албаны тухай хууль, журам болоод Засгийн газрын шагналын тухай тогтоолын дагуу л шийдвэрлэгдэх ёстой. Тэр талаар өгүүлэхээсээ өмнө Ерөнхий сайдын зөвлөхүүдийн үүргийн талаар дуулгах нь зөв байх. Ерөнхий сайдын Ажлын албанд харьяалагдах Зөвлөхүүд нь Улс төрийн албан хаагч юм. “Ерөнхий сайдын зөвлөхүүд, ажлын алба нь үйл ажиллагааны стратегийн аравдугаар зорилтын хүрээнд Ерөнхий сайдад бодлогын зөвлөлгөө өгөх, бүх талын үйлчилгээ, дэмжлэгээр хангах үндсэн үүрэг хүлээж, Ерөнхий сайдын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь чиглэсэн бүх талын бодлогын зөвлөлгөө өгч, шуурхай үйлчилгээ, дэмжлэгээр хангах үүрэг, чиг үүрэг хэрэгжүүлнэ. Ерөнхий сайдын зөвлөхүүд бодлогын зөвлөлгөөөгөхдөө хариуцсан асуудлаар онол, арга зүй, дотоод, гадаадын туршлага, судалгаа,шинжилгээ, дүгнэлтэд үндэслэнэ.” гэж эрхзүйн байдлыг нь тодорхойлсон байна. Тэгэхээр ийм үүрэг хүлээдэг зөвлөхүүд ажлаа аваад дөнгөж гуравхан сар болчихоод, ядахдаа хагас жилийн ч нүүрийг үзээгүй байхдаа 30-40 сая төгрөгийн урамшуулал авсан гэхээр яах аргагүй Тоншуул миний анхаарлыг татаад байгаа юм.

Харин одоо Н.Алтанхуяг Ерөнхий сайдын хувиар зөвлөхүүдээ урамшуулсан асуудал хууль журмыг хэрхэн зөрчсөн байдгийг авч үзье. Төрийн албан хаагчийг жилийн эцэст үр дүнгийн гэрээг нь үнэлээд урамшуулах эсэхийг шийддэг. Тэгвэл Ерөнхий сайдын зөвлөхүүдийн тухайд нэгдүгээрт, үр дүнгийн гэрээ дүгнүүлэх нь байтугай байгуулж ч амжаагүй байхдаа шагнуулсан.

Хоёрдугаарт, тэд дараа нь гэрээ байгуулсан байлаа ч, тэдгээр нь төрийн жинхэнэ албан хаагчид буюу гэрээ байгуулж, дүгнүүлдэг захиргааны албан хаагчид биш. Түрүүн өгүүлсэнчлэн зөвлөх бол улстөрийн албан хаагч.

Гуравдугаарт 30, 40 сая төгрөгөөр урамшуулна гэсэн хууль одоогоор хаана ч байхгүй. Одоо үйлчилж буй хууль тогтоомжоор ажилтныг дотоод журмандаа заасан болон Засгийн газрын тогтоол, Төрийн албаны зөвлөлийн журмын дагуу шагнах асуудлыг шийддэг. Байгууллага бүрийн хувьд онцлогтой ч, төрийн байгууллагын хувьд дунджаар 1-3 сарын цалинтай нь дүйцэхүйц мөнгөн шагнал бол их талдаа ордог. Ихэнх байгууллага дунджаар 1 сарын цалингийн 40-50 хувиар л ажилтнаа жилд нэг удаа шагнаж чаддаг. Гэтэл 3 сар болоод 40 сая төгрөг авна гэдэг бол 13 саяын цалингаас гадна “шагнал” авч байна гэсэн үг юм.

Засгийн газрын шагналын тухай тогтоолын гол агуулга бол төрийн байгууллага жилд нэг удаа 10 хүртэл албан хаагчийг 100 мянга хүртэл төгрөгөөр шагнана гэж заасан байдаг аж. Хэдийгээр одоо энэ тогтоолыг мэддэг хүн цөөхөн ч, тогтоол бол тогтоол. Хүчингүй болоогүй л бол мөрдөх л учиртай.

Төрийн албаны тухай хуульд Төрийн албан хаагчийн шагнал, урамшлын тухай хэрхэн заасныг авч үзвэл: 31.1. Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ үр дүнтэй биелүүлж өндөр амжилт гаргасан гавьяа зүтгэлийг нь үнэлж төрийн байгууллагын захиргаа түүнийг дараахь байдлаар шагнаж, урамшуулна:

31.1.1. мөнгөн шагнал олгох;

31.1.2. эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах;

31.1.З. Засгийн газар ба төрийн дээд байгууллагаас шагнуулахаар тодорхойлох.

31.2. Төрийн албан хаагчид энэ зүйлийн 31.1.1-д зааснаас гадна улирлын ажлын үр дүнгээр болон онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлсний төлөө мөнгөн урамшил олгоно.

31.З. Төрийн албан хаагчийг энэ зүйлийн 31.1.1, 31.1.2-т заасан шагналаар шагнах болон мөн зүйлийн 31.2-т заасан мөнгөн урамшил олгох журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар, энэ зүйлийн 31.1.З-т зааснаар шагналд тодорхойлох журмыг хуулиар тус тус тогтооно.

31.4. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй төрийн захиргааны албан хаагчид түүний зөвшөөрснөөр 1.5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшил олгож болно гэж заасан байх юм.

Төрийн албан хаагчдыг урамшуулах тогтолцоо ийм байдаг бол Төрийн үйлчилгээний албан хаагчдад ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгохдоо МУ-н засгийн газрын 2005 оны 110 дугаар тогтоолыг мөрдөж олгодог аж. Тэр тогтоолыг мөрдлөг болгосны үндсэн дээр Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн белүүлж байгаа хүмүүсийг хамт олны хурлын шийдвэрийг үндэслэн 1 сарын болон сарын үндсэн цалингийн 25 хувьтай тэнцэх урамшууллыг олгоно гэсэн дотоод журамтай ч байгууллага байна. Тэгэхээр эдгээрийг өгүүлэхийн учир нь одоо мөрдөгдөж байгаа ямарч, хууль тогтоомжийг авч үзэхэд 3 сар ажилласан зөвлөхүүд 30-40 сая төгрөгийн урамшуулал авсан нь хууль, журам зөрчсөн асуудал юм. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өөртөө үйлчилдэг нөхдүүдийг төр түмний мөнгөөр хуу хаман шагнаж хууль журам зөрчдөг хэрнээ нэг л их шударга царайлж, дүр эсгэх нь хамгийн зохисгүй баймаар.

Э.Болор

Эх сурвалж: Шуурхай.мн