Нийслэлийн засаг захиргааны нэгдүгээр байр буюу Чингисийн тайлбайн зүүн талын гурван давхар байрыг шинэчилж, зургаан давхар болгох нь. Энэ ажлыг “Голомт фаннэйшнил групп” ХХК концессын гэрээгээр гүйцэтгэхээр болсныг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өчигдөр ээлжит хуралдаанаар батламжиллаа.

 

Хотын төвийн газар үнэд хүрч, бусдын нүдийг булаах болсон цагт “Голомт фаннэйшнил групп” ХХК хотын захиргааны барилгыг зүгээр л нэг концессын гэрээгээр буулгаж, шинээр бариж өгөхөөр болоогүй бололтой. Энэ нь зарим нэг баримтаас харагдаж, хардлага төрүүлж байгаа юм.

 

“Голомт фаннэйшнил групп” ХХК нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуучин байрыг буулгаж өөрийн хөрөнгөөр, төмөр бетонон карказан хийцтэй 6 давхар, нэгдсэн зоорийн 1 давхартай, нийт 17 037 м2 талбай бүхий барилга барихаар болжээ. Гэхдээ энэхүү барилгынхаа 1-3 давхарыг л нийслэлийн өмчид шилжүүлэх гэнэ. Харин үлдсэн давхаруудыг нь тухайн компани барьж өгснийхөө хөлсөнд хүртэх бололтой.

 

Уг нь тус компани нь концессын гэрээгээр уг ажлыг хийнэ. Энэ нь ажлаа эхлээд өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэснийхээ дараа зарцуулсан хөрөнгөө нийслэлээс буцаан авах ёстой гэсэн үг. Гэтэл НИТХ-ын тэргүүлэгчид “Голомт фаннэйшнил групп” ХХК-д тухайн барилгыг барьсных нь төлөө өмчлөх, ашиглах эрх олгох шийдвэр гаргасан байна.

 

Тодруулбал НИТХ-ын тэргүүлэгчид тавдугаар сарын 6-нд болсон хуралдаанаараа НИТХ-ын 2015 оны 32/31 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Энэ нь Нийслэлийн Засаг захиргааны нэгдүгээр байр буюу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуучин байрыг буулгаж шинээр барих гэж батлагдсан Концессын гэрээтэй холбоотой тогтоол бөгөөд үүнд нэмэлт өөрчлөлт оруулсан нь олны анхаарлыг татаж байгаа юм.

 

Учир нь уг тогтоолд заасан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрыг гэх заалтанд дээр нь “спорт заалны хамт” хэмээх үгийг нэмж оруулсан байна. Мөн “Зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх” гэж батлагдсан Концессын төрлийг “Зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх, өмчлөх, ашиглах” гэсэн заалт оруулсан нь өнөөх концессын гэрээгээр ажил гүйцэтгэхээр болсон “Голомт фаннэйшнил групп” ХХК-д барилга барьсных нь төлөө ашиглах, өмчлөх эрх олгох боломжийг бүрдүүлж өгчээ.

 

Ийнхүү гурванхан давхар барилгыг нийслэлийн өмчлөлд шилжүүлэхийн тулд НИТХ-ын тэргүүлэгч тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулан “Голомт фаннэйшнил групп” ХХК-д эрх олгож байгааг гайхах хүн олон байгаа юм.

 

Түүнчлэн төслийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газраас Концесс олгох уралдаант шалгаруулалтыг зарлаж шалгаруулалтад “Голомт фаннэйшнил групп” ХХК шалгарсан гэдгийг албаныхан мэдээлсэн. Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар шалгаруулалтын урилга олон нийтэд хүрээгүй бөгөөд хотын захиргаа хавиар болоод өнгөрчээ. Ингэхээр энэ ажил эхнээсээ зохион байгуулалттай эрх ашгийн зөрчилтэй хийгдсэн ажил гэдгийг ч хэлэх хүн олон байгаа юм. Ер нь талбайн хажуу талын барилга ямар үнэд хүрснийг өнөөдөр бүх хүн мэдэж байгаа.

 

Гэтэл концессын гэх халхавчин дор 24 тэрбум ч байтугай хүрэх үнэ цэнтэй газартаа гурван давхар барилга барьж өгсний хөлсөнд тавиад туучих нь тийм ч зохистой зүйл биш гэдгийг хэлэх хүн олон байгаа. Гэхдээ нэгэнт Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцээд, нийслэлийн Засаг даргыг “Голомт фаннэйшнил групп” ХХК-тай концессын гэрээ байгуулахыг зөвшөөрчихсөн. Харин 24 тэрбум төгрөг ч илүү хүрэх энэхүү газраа 3 давхар барилга ашиглахын тулд зүгээр шахам өгчихгүй байх гэдэг итгэл найдварыг Хотын даргад үлдээе.

24tsag.mn