"Хамгийн хөнөөлт зэвсэг бол буруу үг яриа"

Миний нэг танил дунд сургуулийнхаа ийм нэгэн түүхийг өгүүлж билээ. Тэдний ангид духан дээрээ томоос том хар мэнгэтэй охин байжээ. Охиныг нэрээр нь дууддаг хүн цөөн бөгөөд ихэнх нь л “гурван нүдэт” гэж хочилдог байж. Охин өсөж том болохын хэрээр анги хамт олноосоо дөлсөөр, ганцаардмал, дуу муутай, найз нөхөдгүй нэгэн болон хувирчээ. Хорин жилийн дараа түүний тухай сураглахад нь гэр бүлгүй төдийгүй хүндээр өвчилж зовж явааг нь сонсоод өрөвдөн зүрх нь шимширсэн тухайгаа надад өгүүлсэн юм. Энэ охин шиг бие эрхтнийхээ согогоос болж эргэн тойрныхондоо гадуурхагдан зовж шаналж яваа хүүхэд хичнээн олон байдгийг хэлэх аргагүй.

Ийнхүү шоолуулж байсан охин уг нь сайхан сэтгэлтэй хүүхэд байж. Түүнийг гоочлон доромжилж энэ хорвоогийн хамгийн азгүй нэгэн гэж итгүүлэлгүй, дотоод гоо сайхныг нь мэдрүүлсэн бол түүний амьдрал өөр тийш залагдах байсан биз ээ.
Бурхан бидэнд амийг өгдөг бол хүмүүс бие биедээ амьдрал өгдөг гэдэг. Бидний хоорондын харилцаа сайн бол хэн хэнд маань үнэхээр тааламжтай байдаг. Харилцаанд үл ойлголцох өчүүхэн төдий зүйл гарахад л ганцаардан хэцүү л санагддаг шүү дээ. Гэтэл ийм байдал нэг хүн дээр насан турш нь үргэлжилсэн гэвэл ямар байх вэ.

Бид бусдыг ялгаварлан гадуурхаж, доромжлон дарамталж байхдаа тэр хүнийхээ амьдралыг орвонгоор нь эргүүлэн нурааж байгаагаа харин огтхон ч ухаардаггүй ажээ. Хүүхэд насандаа ад үзэгдэн шоолуулж, доромжлуулж явсан хүний сэтгэлийн шарх насан турш нь тэр хүнийг зовоодог ажээ. Найз нөхөд нь доромжлон шоолоход хүүхэд “би хэн ч биш юм” хэмээн өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алдаж өөрт болон хүмүүст, цаашлаад амьдралд итгэх итгэлгүй золгүй нэгэн болж өсдөг байна.
Бид үр хүүхэддээ бүхий л хайр халамжаа өгдөг хэрнээ бусдыг хайрлахад сургадаг билүү?

Нэгэн ээж “Хүүд минь хүмүүс хайртай байгаасай” хэмээн их хүсдэг байжээ. Хүүд нь хүн бүхэн хайртай байсан ч хүү харин хүмүүсийг хайрлан хүндэтгэдэггүй нэгэн болон өсч буйг харсан ээж “Хүүг минь бусдад хайртай болгож өгөөч” хэмээн хүсч залбирах болжээ. Зөвхөн өөрийг нь хүмүүс хайрлаж байвал барав гэж боддог хүн бусдаас авсан хайраа гадагш урсгаж чадахгүйгээсээ болоод өмхийрсөн тогтмол устай адил гэж болно. Ийм хүүхэд “Би л болж байвал бусад нь яахав” гэсэн хувиа хичээмтгий, бусдыг доромжлогч, харамч, үл уучлагч, дээрэнгүй зан чанартай болж байдаг. Харин бусдыг хүндэлдэг, асран халамжилдаг, уучлагч, өглөгч, тусч зэрэг эерэг зан чанарууд хүүхдийг урсгал устай адил цэвэр тунгалаг болгож чадна.

Найз нөхдөө дарамталж зоддог, үг хэлээр доромжилдог хүүхдүүдийг ажиглаад байхад эцэг эх, багш нарын хайр халамжаар дутсан, өөрийгөө үнэ цэнэтэй гэдгээ ухаарч ойлгоогүй, байнга буруутгагддаг хүүхэд байдаг. Багш нар сурагчдын эцэг эхийн хурал дээр сурлагын дүнгийн талаар мэдээлэхийн зэрэгцээ сурган хүмүүжүүлэгчийн хувьд эцэг эхэд хүүхэд хүмүүжүүлэх талаар сургалт, зөвлөгөө өгөх нь нэн чухал юм.

Хүүхдэд энэ хорвоогийн хамгийн үнэ цэнэтэй хүн, дахин төрөхгүй, давтагдашгүй Бурхны агуу бүтээл гэдгийг нь мэдүүлж өсгөх нь эцэг эх бидний үүрэг. Бас багш сурган хүмүүжүүлэгчдийн ч үүрэг. Бусдад дээрэнгүй, харгис хатуу хандаж болохгүй гэдгийг багаас нь ойлгуулдаг, ийм үйлдлийг жигшүүлдэг ёс суртахууны зарчим үйлчлэх ёстой.

Миний хүү Америкт дунд сургуульд сурдаг. Одоо зургадугаар ангийн сурагч. Хоёр жилийн өмнө хүүд минь тохиолдсон нэг явдал түүнд төдийгүй надад хүртэл гүнзгий сэтгэгдэл төрүүлж билээ. Хүү маань Марсело, Андрю гээд хоёр хүүтэй дотносон найзалдаг юм. Нэг өдөр Андрю нь Марселогоо “тарган” бас “тэнэг” гэж хэлжээ. Үүнийг Марсело ээждээ хэлж, ээж нь сургуулийн захиралд хэлсэн байна. Ингээд захирлын өрөөнд гурван хүүг гурвууланг нь дуудаж асуудлыг тодруулсан юм. Миний хүү тэр хоёрын маргаанд оролцоогүй тул өөрийгөө буруугүй гэж бодож байв. Захирал манай нөхөр рүү утасдан “Танай хүүг нэг найз нь нөгөөгөө доромжилж байхад юу ч хэлээгүй харж зогссон учир бүдүүлэг, ёс суртахуунгүй үйл явдалтай эвлэрсэн үйлдэл хийсэн гэж дуудсан” гэж хэлсэн байна.
Хүү минь тэр болгон юманд уйлаад байдаггүй монгол хүү шүү дээ. Гэтэл энэ үйл явдалд гэмшин уйлсан бөгөөд бусдыг ам хэлээр доромжлоогүй ч дуугүй харж зогссон нь түүнтэй эвлэрсэн, доромжилсонтой нэгэн адил болохыг ойлгуулсан явдал болж билээ. Энэ нь надад харин яагаад гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ гэвэл, үнэхээр агуу соёл юмаа гэж бодогдсоных. Манайд хүүхдүүд бие биеэ доромжлох тохиолдолд хажуугаас нь үл эвлэрэх байр суурь илэрхийлэх ёстойг тэдэнд зааж сургах хэрэгтэй юм байна. Ингэж байж бие биеэ хүндэтгэдэг үзэл, нийгмийн харилцаанд соёлтой оролцох сэтгэлгээ хүүхэд бүрт суух болно гэж бодсон.