УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар чуулганы танхимд, ард түмнийхээ нүдэн дээр АН-ын гишүүдийг дуэльд дуудав. Тодруулбал, тэрбээр “Ч.Хүрэлбаатарыг Увсад цавчиж унагана гэж хэсэг нөхөр ярилцаад тойргийг өм цөм хуваан улмаар АН-ынхан хүч түрэн баталлаа. Тойргийг өм цөм цавчиж хуваасан хүмүүс намайг цавчих юм уу. АН-ынхан намайг цавчиж унагах юм уу. Үгүй шүү. Хэнийг сонгох оо ард түмэн мэддэг юм. Тойргийг өөрийнхөөрөө хувааж намайг цавчина гэж бодож байгаа тэр хүн ирээд Увсын зүүн хязгаарын баруун хязгаартай нь хольж хамгийн өм цөм хуваасан 34 дүгээр тойрогт ирээд өрсөлд. Би хүлээж байна” хэмээн өгүүлсэн. Мөн тэрбээр энэ үеэр “Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга энэ саналыг Н.Алтанхуяг гаргасан хэмээн хэлсэн шүү” гэдгийг онцолсон юм. Тэгвэл түүний энэ хатуу үг эрх баригчдын тэр дундаа Н.Алтануягийн зүрхэнд шар ус хуруулсан бололтой. Учир нь Н.Алтанхуяг түүний мэдэглийн дараахан “Би наад асуудлыг чинь мэдэхгүй шүү” хэмээн хаяагаа манаж байгаа харагдсан.

Үнэндээ АН-ынхны хувьд Увс аймаг хатуу бас халуухан тойргийн тоонд зүй ёсоор ордог. Иймээс ч тэд энэ тойрогт ялалт байгуулахын тулд АН-ын бүлгийн даргын өрөөнд цуларч, түүний өгүүлсэнчлэн Ч.Хүрэлбаатарыг гаргахгүй байх цавчааг хийсэн нь энэ байж болох. Нөгөө талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар АН-ынхан шиг увайтсангүй. Би яах вэ гэж урвайсангүй. Харин ч улс төрийн төлөвшилтэй том намын зангаргатай улстөрч гэдгээ харуулж, УИХ-ын чуулганы танхимд албан ёсны мэдэгдэл хийлээ. Ингэхдээ АН-ын гишүүдийг албан ёсоор дуэлд дуудлаа. Харин түүний дуэлийг АН-ын хэн гэх эрхэм хүлээж авах нь анхаарал татаж буй юм. Дашрамд мэдээлэхэд АН-ынхны Ч.Хүрэлбаатарыг цавчина хэмээн итгэсэн Увсын хамгийн зүүн талын сум болох Зүүнхайнгайгаас баруун талын сум болох Бөхмөрөн хүртэл 600 гаруй километрийн зайтай юм билээ. Хор найруулна аа гэж...