Монголын ууган үйлдвэр болох 70 жилийн түүхтэй “Мах Импэкс” ХК гурван жилд нэг зохиодог мах, махан бүтээгдэхүүний техник, технологи, чанар стандартын “IFFA-2016” олон улсын үзэсгэлэнгээс алт, мөнгөн медаль хүртлээ.
Нэр хүнд, чансаагаараа махны олимп хэмээн үнэлэгддэг “IFFA” үзэсгэлэн тавдугаар сарын 7-12-ны өдрүүдэд Германы Франкфурт хотод болжээ. Тус үзэсгэлэнд “Мах Импэкс” ХК гурван төрлийн бүтээгдэхүүнээ өрсөлдүүлснээс “Нүүдэл брэнд”-ийн үхрийн хатаасан мах болох “Нүүдэл жерки” алтан медаль, “Дээдэс” бүтэн утлагат хиам мөнгөн медаль тус тус хүртсэн баярт мэдээг бидэнд дуулгалаа.
Ийнхүү анх удаа дэлхийд амт, чанараараа тэргүүлж, олон улсын үзэсгэлэнгээс медаль хүртсэн “Монгол махан бүтээгдэхүүн”-ийг танилцуулах арга хэмжээ өчигдөр Шангирилла зочид буудалд боллоо.
Тус арга хэмжээнд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Герхард Тийдеманн, Хүнс хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Тунгалаг, Монголын махны холбооны тэргүүн Д.Батцогт, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхмын дарга Б.Лхагважав болон мэргэжлийн байгууллагуудын төлөөлөгчид, Женко группын харьяа компаниудын захирлууд, хүндэт зочид төлөөлөгчид оролцов.
Салбартаа манлайлагч Мах Импэкс компани манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болж буй Монгол малын махыг дэлхийн брэнд болгохын тулд хийж буй ажлын зөвхөн эхлэл нь энэ гэдгийг онцлох нь зүйтэй болов уу.
Тус компанид Герман улсын компьютержсэн автомат ажиллагаатай комплекс тоног төхөөрөмж бүхий итгэмжлэгдсэн сорилтын лаборатори ажиллаж хүнсний бүтээгдэхүүний химийн найрлагыг богино хугацаанд найдвартай тодорхойлох нитритийн спектрофотометр, спекол, ариутгалын ламинар бокс, өндөр нарийвчлалтай мокроскоп, электрон жингүүд зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон манай улсын махны салбарын лабораториуд дотор хамгийн том багажтай анализын лаборатори ажилладаг. Ингэснээр компанийн бүтээгдэхүүнүүд чанарын баталгаатай, эрүүл ахуйн хувьд найдвартайгаас гадна олон улсын стандартад нийцсэн техник, технологиор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг.
Олон улсын үзэсгэлэнгээс алт, мөнгөн медаль хүртсэн “Нүүдэл брэнд”-ийн “Нүүдэл жерки” хатаасан мах, “Дээдэс” утлагат хиамыг алдаршуулах арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зарим зочид төлөөлөгчидтэй уулзаж, санал, сэтгэгдлийг нь сонссоноо хүргэж байна.
ГЕРХАРД ТИЙДЕМАНН: ХОЁР ОРНЫ ХАМТЫН АЖИЛЛАГАА ШИНЭ ШАТАНД ГАРАХАД МАХ ИМПЕКС ХК ЧУХАЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ
/ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд/
-Мах Импэкс компанийн бүтээгдэхүүнээс амталж үзлээ. Маш их таалагдлаа. Миний хувьд Монголд гурав дахь жилдээ ажиллаж амьдарч байна. Бэлчээрийн маллагаатай учир монгол малын мах амттай байдаг юм. Тиймээс ч Монголын мах махан бүтээгдэхүүнд дуртай. Өнөөдрийн үйл ажиллагааны хувьд гэвэл Герман Монгол улсууд өнө эртнээс хамтын ажиллагаатай ирсэн. Энэхүү хамтын ажиллагаа зөвхөн улс төр, эдийн засгийн салбараар хязгаарлагдахгүй харин хувийн аж ахуйн хэвшлийнхэнийг хамарч байгаад баяртай байгаагаа хэлмээр байна. Хоёр орны хамтын ажиллагаа шинэ шатанд гарахад Мах Импекс ХК чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна.
Г.БҮДРАГЧАА: ОЛОН УЛСАД МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ЭКСПОРТЛОХ БОЛОМЖ НЭЭГДЭЖ БАЙНА
/Мах импекс ХК-ийн гүйцэтгэх захирал/
-Манайх 1946 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа монголын ууган үйлдвэр. Хамгийн өндөр хүчин чадлаар, лабораторийн нарийн технологиор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Манай компани “IFFA” олон улсын үзэсгэлэнд 2007 оноос эхлэн оролцож байгаа. Өмнө нь бид сонирхогчийн хувиар, гаднын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч томоохон компаниудын техник, технологийг судлах журмаар оролцдог байсан. “Нүүдэл жерки” хатаасан мах бол бэлчээрийн малын махаар хийгдсэн учир амт, чанарын хувьд илүү сайн. Харин “Дээдэс” хиам олон улсын шүүгч нараас маш өндөр үнэлгээ хүртсэн. Энэхүү үзэсгэлэнд түрүүлснээр бид олон улсын стандартад нийцсэн мах, махан бүтээгдэхүүнээс Хятад, ОХУ-д экспортлох боломж, үүд хаалга нээгдэж байна.
Д.ТУНГАЛАГ: МАХ ИМПЭКС КОМПАНИ САЛБАРТАА ТЭРГҮҮЛЭГЧ, ҮЛГЭР ЖИШЭЭ ГЭДГЭЭ ДАХИН ХАРУУЛЛАА
/Хүнс хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга/
-Мах Импэкс компани “IFFA” олон улсын наадмаас хос медаль хүртсэн Монголын анхны үйлдвэр. Махны салбар олон улсын стандарт, эрүүл ахуйн аюулгүй байдлыг нарийн хангасан байх ёстой. HАCCP, ISO 9001 зэрэг тогтолцооны стандартыг хэрэгжүүлсэн үйлдвэрүүд олон улсын тавцанд гарах нь гарц нээлттэй болж байна. Тухайлбал Мах Импэкс компанийн тухайд дотроо мэргэжлийн хяналтын байгууллагатай, лабораторитой. Тус компани нь 70 жилийн туршид нэг л стандартаа барьж ажиллаж байна. Олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцсоноор Мах Импэкс компани салбартаа тэргүүлэгч, үлгэр жишээ гэдгээ дахин харууллаа.
Түүнчлэн энэхүү арга хэмжээний үеэр “Мах Импэкс” ХК нь 70 жилийнхээ ойгоо тохиолдуулан шинээр худалдаанд гаргаж байгаа “Нэг хиам гурван амт” уриатай шинэ гурван төрлийн бүтээгдэхүүнээ танилцууллаа.
Тодруулбал помидорт, Коньякт, огурцыт гэсэн гурван шинэ төрлийн утлагат хиамыг гаргажээ. Помидорт утлагат хиамны хувьд помидор амтагдах бол огурцыт хиамны хувьд даршилсан огурцы амтагдах гэнэ. Тиймээс хэрэглэгчид өөрсдийн таашаалдаа нийцүүлэн бүтээгдэхүүнээс сонголтоо хийх боломжтой аж.