Энэ удаагийн “Mobile news”-ээр УДЭТ-ын жүжигчин МУСТА Г.Отгонцэцэгтэй ярилцаж “Г.Отгонцэцэг,  С.Сэрчмаагийн кинонд нүцгэлжээ” гэсэн мэдээллийн тодруулгыг авсан юм.

Дуучин С.Сэрчмаа өөрийнхөө амьдралаас сэдэвлэн бүтээж буй “Бүсгүйн аргамж” хэмээх уран сайхны киноны гол дүрд МУСТА Г.Отгонцэцэгийг тоглуулж байгаа бөгөөд тус дүрийг амьдруулахдаа жүжигчин Г.Отгонцэцэг нүцгэлжээ гэсэн мэдээлэл цацагдах болсон билээ.

Харин жүжигчин Отгонцэцэг дээрхи мэдээлэл нь ямар ч ор үндэслэлгүй гэж хэлсэн юм.  Түүнчлэн С.Сэрчмаагийн кинонд дүр бүтээх нь байтугаа хийгдэж байгаа талаар ч дуулаагүй юм байна гэлээ. Мөн нүцгэлэх талаар бодох ч үгүй байгаа, ер нь миний өмнөөс нүцгэлүүлж, тайчуулаад байгаа хэвлэлийнхэн өөрсдөөсөө ичиж явмаар юм гэв.

Дашрамд дуулгахад ирэх 03 дугаар сарын 27-нд болох “Гэгээн муза” наадмыг угтаж УДЭТ-ын тайзнаа өмнөх жилүүдийн Гран-при хүртсэн жүжгүүд тоглогдож байгаа бөгөөд Г.Отгонцэцэг тус жүжгүүдэд оролцоод тун завгүй ажиллаж байгаа гэнэ.

Бэлтгэсэн : Э.Цэнд Аюуш