Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу хүүхдийн баяр тохиож буйтай холбогдуулан өнөөдөр Монгол улсаас БНХАУ-д нэвтрэх хилийн автозамын боомтууд ажиллахгүй болохыг Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас мэдээлэв.

Хоёр орны Хилийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт нийтээр амрах баяр, амралтын өдрүүдэд автозамын боомтууд ажиллахгүй байхаар заасан. Хүүхдийн баяраар Монгол Улсад бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаа юм. Харин агаарын болон төмөр замын хилийн боомт хэвийн ажиллах аж. Түүнчлэн Монгол, ОХУ-ын хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллана.

Монгол, БНХАУ-ын Хилийн дэглэмийн тухай хэлэлцээрийн дагуу жил бүрийн 1 дүгээр сарын 1-нд, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баяр, Үндэсний их баяр наадам, Цагаан сар, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр болон Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр Монгол Улс автозамын боомтуудаа хаадаг. Харин БНХАУ жил бүрийн 1 дүгээр сарын 1, Цагаан сар, Ханш нээх өдөр, Олон улсын хөдөлмөрчдийн баяр, Луут завины баяр буюу 6 дугаар сарын 09, Намрын баяр буюу 9 дүгээр сарын 15, Үндэсний баярын өдөр 10 дугаар сарын 01-03-ны өдөр боомтоо хаадаг байна.