Уншигчид "яагаад АН болон МАН-ын нэр дэвшигчдийг бичээд байгаа юм бэ. Бусад намууд нь яасан юм” гэсэн асуултыг маш ихээр тавьж байгаа. Бид ч хоёрхон намын нэр дэвшигчдийг харьцуулж бичих урамгүй байгаа ч бусад намууд мэдээллээ нууцалж, зарим нь өчигдөр орой л нэр дэвшигчдээ СЕХ-нд бүртгүүлж байгаа зэргээс хамаарч мэдээ, мэдээлэл дутмаг байгааг дуулгая.

МАН болон АН-ын нэр дэвшигчдийг нэрсийг ажиглаж байхад УИХ-ын сонгуулийн зарим тойрог дээр үнэхээр гал гарсан, "дайн дэгдэж” мэдэхээр байна. Дайн шууд утгаараа биш ч нэр хүнд, эрх мэдэл, албан тушаалын төлөө юу ч хийж болзошгүй хүмүүс нэг тойрогт өрсөлдөхөөр харагдаж байна.

Jenco & MCS

 

Жишээ нь Женко мөнхийн өрсөлдөгч MCS-тэй нэг тойрогт таарчээ. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн 9 дүгээр тойрогт УИХ-ын гишүүн Х.Баттулга, MCS группын дэд ерөнхийлөгч Л.Элдэв-Очир нар нэр дэвшихээр болсон байна. Х.Баттулгад Баянхонгорчууд "хайртай”. Харин энэхүү "хайр”-ыг давж гарах эд хөрөнгө, сурталчилгаа, арга заль Л.Элдэв-Очирт шаардлагатай болж байна. УИХ-ын гишүүн болохыг хүсч л байгаа бол Баянхонгор ба Х.Баттулга нарын нарийн холбоосыг тасдаж, өөрийн орон зайг бий болгох л хэрэгтэй дээ.

Интертаймент тойрог

 

УИХ-ын сонгуулийн 54 дүгээр тойргийг урлагийнхны хүч сорих тойрог гэж нэрлээд байгаа. Энд АН-аас Д.Арвин нэр дэвшиж байгаа. Харин МАН-аас хөтлөгч П.Анужин, ХҮН-аас С.Боргил, бие дааж С.Жавхлан, МАХН-аас Ц.Төмөрбаатар гуай нэр дэвшихээр болжээ.

Д.Арвин, С.Боргил нарыг эс тооцвол 54 дүгээр тойрог дуу, хөгжим ихтэй, шоу цэнгээнтэй, интертаймент болох нь гэж хараад байгаа. Д.Арвин, С.Боргил нар ч нөгөө хэдээсээ дутахгүй хичээх байлгүй дээ. Тэгэхээр хэн хэнээсээ дээр гарахын тулд интертайментийн арга хэмжээнүүд хашааны булан тохой бүрт зохион байгуулагдах нь дээ.

Сургуулийн захирлуудын тулаан

 

УИХ-ын сонгуулийн 72 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, МАН-ын Бага хурлын гишүүн Н.Учрал нар нэр дэвшлээ. Аз болж МАХН-ын дарга Н.Энхбаяр тэднээс өөр тойрогт нэр дэвшихээр болж. Н.Учралын хувьд ИЗИС-ийн захирал Н.Ням-Очирын хүү гэдгээр нь сайн мэдэх байх. Тэгвэл тэрээр өөрөө "Роял” гэх сургуулийн захирал юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг "Монос” гэх компаниар нь сайн мэддэг. Тэгвэл "Монос” дэргэдээ Анагаах ухааны их сургууль нээгээд удаж байна. Тэгэхээр "Роял” болон "Монос” АУИС-ийн хооронд тулаан өрнөх шинжтэй. Хэн нь ч гарсан ялгаагүй өөрийн бизнесийг л дэмжих юм даа.

Хууль зүйн сайдуудын буурь сэлгэсэн тойрог

 

 

УИХ-ын сонгуулийн 60 дугаар тойрог буюу Сүхбаатар дүүрэгт УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин АН-аас, Ц.Мөнх-Оргил МАН-аас нэр дэвшихээр болоод байна. Тэднийг хоёул Хууль зүйн сайдаар ажиллаж байсныг нь мэдэх биз.

Ц.Мөнх-Оргилын хувьд "алдарт” долдугаар сарын нэгний үеэр хууль зүйн сайдаар ажиллаж байсан. Харин Х.Тэмүүжиний хувьд Г.Сарангэрэл гэх охин "сайн ах”-ын дүрд тоглож байхдаа Хууль зүйн сайд хэмээх эрхэм албан тушаалыг хашч байлаа.

Салбартаа хийсэн бүтээсэн зүйл их л гэж ярих байх. Гэхдээ тойрогтоо бол хоёул "шинэков”-ууд. Уг нь тэд хоёулаа л Баянгол дүүрэгт нэр дэвшиж, тэндээс сонгогдож байсан эрхмүүд. Яагаад Сүхбаатар дүүргийг сонгож, нэр дэвших болсон юм бол. Хялбар л санагдаж дээ.

Базуудын тойрог

 

УИХ-ын сонгуулийн 35 дугаар тойрогт МАН-аас С.Бямбацогт, АН-аас Д.Батцогт нэр дэвшихээр болоод байгаа. Тэд нэг айлын хүргэчүүд буюу базууд. 2012 онд базуудын хадам аав УИХ-ын гишүүн хоёр хүргэнтэй байлаа. Тэгвэл энэ сонгуулиар нэг л УИХ-ын гишүүн хүргэнтэй болох нь. Өөрөөр хэлбэл хэн нь УИХ-ын гишүүн болох вэ гэсэн ширүүхэн тулаан Ховдын 35 дугаар тойрогт өрнөх нь байна. Мэдээж хэн нь гишүүний эхнэр болох вэ гэсэн тулаан эхнэрүүдийн дунд ч өрнөж магадгүй.

Ах дүүсийн тулаан

УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт АН-аас Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан З.Нарантуяа, МАН-аас Морин спорт уяачдын холбооны тэргүүн Ш.Батсамбуу, ТТЭНЭ-ээс "Нарантуул”-ын босс Ш.Сайхансамбуу нар нэр дэвшихээр болоод байгаа. Энэ тойрогт З.Нарантуяаг санал хуваалцах хэмжээнд хүрч чадахгүй болов уу гэж таамаглаж байгаа. Харин өрсөлдөөн ах дүүсийн хооронд буюу Ш.Сайхансамбуу, Ш.Батсамбуу нарын хооронд л явагдах болов уу.

 

Ш.Батсамбууг нэр дэвших эрх олж авахын тулд ахыгаа "жийсэн” гэж ярьдаг. Харин ах нь ТТЭНЭ-ээс нэг тойрогт нэр дэвшиж дүүгээс өш авч байж болох юм. Эсвэл аль ч гарсан нэг л гэр бүл хэмээн бие биенээ дэмжих гэж байгаа ч байж болох юм. Таашгүй дээ. Ямартай ч УИХ-ын 18 дугаар тойргоос ах дүүсийн нэг нь л гарч ирэх нь тодорхой. Харин З.Нарантуяагийн хувьд ах дүүст "даруулахгүй” гэж бодож байгаа бол санаачлагыг гартаа авч, өөрөөр тоглох шаардлагатай болж.

 

А.Аюуш