Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрог буюу Өвөрхангай аймагт нэр дэвших эрхээ аваад байсан юм. Гэвч энэ сарын 1-нд Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж түүний оронд Д.Жаргалын нэрийг дэвшүүлсэн билээ. Ингэснээр тэрбээр Ардчилсан намын гишүүнчлэлээс татгалзах өргөдлөө өгч, түүнийг сонгуульт ажлаас нь чөлөөлсөн юм.

Энэ талаар тэрбээр ”Чимиддорж овогтой Даваабаяр миний бие 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд эмэгтэйчүүдийн квотыг дэмжиж нэр дэвших эрхээсээ татгалзаж улстөрийн томоохон шийдвэр гаргасан. Мөн ямар нэг нам, эвслээс баялаг бүтээгчдийнхээ нэрийг барьж нэр дэвшиж сонгуульд оролцохгүй гэдгээ албан ёсоор зарлаж, намын гишүүнчлэлээс өөрийн хүсэлтээр татгалзсан билээ.

Баялаг бүтээгчдийнхээ нэрийг барьж нэр дэвшиж сонгуульд оролцохгүй

2015 онд Монголын баялаг бүтээгчдийг дэмжих холбоог үүсгэн байгуулсан минь өнөөдөр 100.000 гаруй гишүүд, дэмжигчидтэй 21 аймаг 9 дүүрэг 330 суманд салбар нэгжтэй Үндэсний хэмжээний томоохон /ТББ/ болжээ.
Энэхүү холбоог удирдаж байгаа хүний хувьд Монгол улсаа ХЭРЭГЛЭГЧ биш ҮЙЛДВЭРЛЭГЧ мөн ИМПОРТЛОГЧ бус ЭКСПОРТЛОГЧ орон болгохын төлөө зүтгэх болно. Тэгж гэмээнэ бид тогтмол ажлын байрыг нэмэгдүүлж улмаар ажилгүйдэл ядуурал багасч, нийгмийн чинээлэг дундаж давхаргыг бий болгож чадна. Ингэж зүтгэхдээ 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцож буй нам, эвслүүдээс аль нь БАЯЛАГ БҮТЭЭГЧДЭЭ ДЭМЖИНЭ, ЖДҮ-г хөгжүүлнэ, Уул уурхайн бус салбарыг хөгжүүлнэ гэж мөрийн хөтөлбөртөө түлхүү тусгасан тэр улстөрийн хүчнүүдийг дэмжин хамтран ажиллаж төрийн бодлогод тус салбарын хөгжлийг тусгуулж тогтвортой, дарамтгүй, хөгжингүй болгохын төлөө тууштай ажиллана” хэмээн мэдэгдсэн юм.

Эх сурвалж: “Засгийн газрын мэдээ”сонин