Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Сайн хувьцаа” арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Засгийн газрын хуралдаанд Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Ц.Туваан "“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг эзэмшиж байгаа “Сайн хувьцаа” арга хэмжээний дагуу хувьцаагаа худалдах эрхтэй 1 сая 650 мянган иргэнээс өнөөдрийн байдлаар 650 мянган иргэн хувьцааныхаа 30 хувь буюу 323 хувьцааг Засгийн газарт худалдах санал гаргаад байна. Хувьцаагаа худалдах хүсэлтээ эхний ээлжинд гаргасан 368 мянган иргэний хувьцаа борлуулсны төлбөрийн гуравны нэг болох 100 мянган төгрөг ирэх 7 хоногт тухайн иргэний дансанд орно" гэв.

“Сайн хувьцаа” арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаасыг 15 хүртэл жилийн хугацаатай, дотоодын зах зээлд үе шаттайгаар гаргаж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн эзэмшлийн энгийн хувьцааны ногдол ашиг болон тус компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдсанаас олох орлогоос эргэн төлөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэн холбогдох гэрээ байгуулж ажиллахыг Сангийн сайд Б.Болорт даалгалаа.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн өөрийн эзэмшлийн хувьцааг худалдах хүсэлт гаргасан Монгол Улсын иргэний эзэмшиж байгаа 1072 хүртэлх энгийн хувьцаанаас эхний ээлжинд 323 хувьцааг багцаар нь 300426 төгрөгөөр зохих журмын дагуу шууд, цаашид үлдэх хувьцааг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан худалдан авахаар шийдвэрлэсэн юм.