Шаргаморьт чиглэлийн шинэ замын эхлэл болох Салхитын ам орчимд байрлах борооны ус зайлуулах хоолойг хашаа руугаа ус оруулахгүй гэж бөглөсөн байна.

Борооны ус зайлуулах сувгийг шавхагдаж, чулуугаар битүүлсний улмаас өчигдрөөс эхлэн орсон борооны ус зам дүүрэн, хашлага давж цохисноос замын нэг хэсэг эвдрэлд орсон талаар Нийслэлийн авто замын газрын дарга Д.Нанзаддорж "Ус зайлуулагчаар дамжиж буй ус хэдэн айлын хашаагаар дамжин өнгөрч байгаа учраас айлууд эсэргүүцэн бөглөчихөөд байна. Хаврын шар усны үеэр ойр орчмын айлууд мөн л ингэж тагласан. Тиймээс иргэдтэй уулзаж, хашааны дундуур шуудуу татахыг зөвлөсөн. Гэтэл шуудай татуулахгүй гээд машин техник ч оруулахгүй юм. Энэ зам хашлагатайгаа нурахад бэлэн болчихоод байна" гэлээ.

Зам баригдсанаас хойш замын зорчих хэсэг өргөсөж, хашлагатай болсон учраас гадаргуугийн ус дайрч өнгөрнө гэдгийг учирласан ч хашаан дотор бохир болно хэмээн зөвшилцөж чаддаггүй байна.

Цаашдаа энэ мэт үйлдэл дахин гаргаж, ус зайлуулагчийг бөглөх юм бол их хэмжээний ус шинэ барьсан замыг хашлагатай нь эвдэх нөхцөл үүсээд байгаа аж.