Өнөөдөр УИХ-ын болон Аймаг, Нийслэлийн ИТХ 2016 оны сонгуулийн санал хураалт орон даяар 07:00 цагаас эхэллээ Санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Иргэний үүргээ ухамсарлан сонгуульдаа идэвхитэй оролцохыг уншигч та бүхэндээ уриалж байна. Та иргэний үнэмлэхээ хаяж, гээгдүүлсэн, хүчинтэй хугацаа нь дууссан байгаа бол сонгуулиа өгч чадахгүй нь гэж бодох хэрэггүй. Учир нь та үнэмлэхгүй байсан ч саналаа өгөх боломжоор хангагдсан.

Улсын бүртгэл статистикийн газрын албан тушаалтнаас тодруулахад “Иргэний үнэмлэхгүй ч саналаа өгөх боломжтой. Учир нь санал авах байруудад сонгогчдын нэрсийг бүртгүүлсэн бөгөөд хурууны хээгээ уншуулан тус сонгогчийн нэр гарч ирсэн тохиолдолд саналаа өгөх боломжтой” гэлээ.

Харин шилжилт хөдөлгөөн хийсэн иргэн заавал иргэний цахим үнэмлэхтэй байж саналаа өгөх шаардлагатай юм байна.

 

Сонгогч санал авах байранд ирж, саналаа өөрөө биечлэн өгөх

Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр 2016 оны 6 дугаар сарын 29-ний лхагва гариг байна.

Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь бүх нийтээр амарна. Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.

Санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах; соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах; гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах зэрэг үйл ажиллагааг хориглоно.

 

Санал өгөх:

Сонгогч та саналаа өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэхтэйгээ очих бөгөөд гарын хурууны хээгээ даран өөрийн иргэний бүртгэлийн мэдээллийн улсын сан дахь сонгогчийн бүртгэл, сонгогчийн нэрийн жагсаалтын цахим хубилбартай таарч байгаа эсэхээ тулган шалгуулаад сонгогчийн бүртгэлийн хуудсаа хүлээн авна. Саналаа хуудсаа хүлээн авсан сонгогчид саналын хуудас өгнө.

Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийг хамт явуулж байгаа тул сонгуулийн саналын хуудсыг нэг хуудас дээр хэвлэх бөгөөд энэ тохиолдолд тухайн сонгууль тус бүрийн саналын хуудсыг бие даасан байдлаар ойлгоно.

Сонгогч та саналын хуудас авч, санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар гаргах бөгөөд саналын хуудсанд саналаа тэмдэглэхдээ холбогдох зааврын дагуу тэмдэглэгээг хийнэ. Санал бэлтгэх бүхээгт тухайн сонгогчоос өөр хүн байхыг хориглодог.

Сонгогч нь нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгосон нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг сонгож зааврын дагуу дүрсийг дүүргэн будсан тэмдэглэлээг хийнэ.

Сонгогч дээр дурьдсаны дагуу саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийнэ.

Сонгогч санал өгөхдөө алдаа гаргаж, саналын хуудсанд буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухайгаа мэдэгдэж, алдаатай хуудсыг шалгуулан хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, саналаа гаргах боломжийг хуулиар олгожээ.

Бие эрхтний согог, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшингээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатайгаар санал өгч болдог.

Сонгуулийн байгууллагын ажилтан, албан тушаалтан, ажиглагч нь итгэмжлэгдсэн хүн байж болохгүй.