Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Норвегийн Вант Улсад 2015 оны 9 дугаар сарын 14-нд албан ёсны айлчлал хийж, мөн сарын 15-16-нд Шведийн Вант Улсын нийслэл Стокгольм хотноо болох Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн 20 жилийн ойн арга хэмжээнд оролцоно.

Норвеги Улсад хийх айлчлалын хүрээнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тус улсын Парламентын дэд дарга хатагтай Марит Нибаккт бараалхаж, Гадаад хэргийн сайд Бёрге Брендэ, Сангийн дэд сайд Пол Бьёрнстад нартай тус тус уулзахаар төлөвлөж байна.

Энэхүү айлчлал нь сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд хэрэгжсэн дээд, өндөр түвшний айлчлалын үеэр ярилцаж, тохирсон асуудлуудыг урагшлуулах, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, эрчим хүч болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Монгол Улс 2016 онд Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн гишүүн орнуудын зөвлөлийг даргалахын хувьд Зөвлөлийн ээлжит бус 9 дэх удаагийн хуралдаан болон хүрээлэнгийн 20 жилийн ойн арга хэмжээнд Гадаад хэргийн сайдын түвшинд оролцох нь ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэх чиглэлд манай улсын оруулж байгаа хувь нэмрийг бататгах, бусад улс орнуудтай идэвхтэй хамтран ажиллах бололцоог өргөжүүлэхэд ач холбогдолтой гэж үзнэ.