Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим 2016 оны эхний хагас жилийн байдлаар нийт 1023 хэрэг хүлээн авч, 894 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 71 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлж, 32 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулахаар хэлэлцэж, 21 хэргийг хяналтын журмаар хэлэлцэхээс татгалзаж, 5 хэргийн харьяаллыг тогтоожээ.

Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан иргэний хэрэг 352-аар буюу 34.4 хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 406-аар буюу 43.8 хувиар, нэг шүүгчид ногдох хэрэг 66-аар буюу 48,5 хувиар тус тус өссөн байна.

Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 53 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 14 хэрэг хэлэлцжээ. Иргэний хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 952 хэргээс нэг шүүгчид 136 хэрэг ногдож байна.

Хяналтын журмаар хэлэлцэгдсэн иргэний 894 хэргийн 53.5 хувь буюу 478 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож, 15.1 хувь буюу 135 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, 20.7 хувь буюу 185 хэргийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, 10.7 хувь буюу 96 хэргийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгожээ.

Хүчингүй болгосон 135 шийдвэр, магадлалтай хэргээс 85.2 хувь буюу 115 хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, 14.8 хувь буюу 20 хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 894 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл Иргэний хуулиар 611, Хөдөлмөрийн тухай хуулиар 193, Гэр бүлийн тухай хуулиар 27, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 41, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 8, бусад хуулиар 14 хэргийг хянан шийдвэрлэжээ.