“Ноёд” компанитай холбоотой С.Билэгт Г.Буяндорж нарын хооронд үүссэн маргаан өнгөрсөн сард багагүй дуулиан дэгдээж одоо ч намжаагүй байна. Энэ хоёр хүний хэн нь залилагч гэдгийг тогтоохоор Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлсэн байгаа. “Ноёд” констракшны захирал С.Билэгтэд компанийнхаа тамга тэмдгийг ашиглуулан залилуулж, хохирсон гэх “Могсу” компанийн захирал н.Энхбат манай редакцид хандсан юм.
-Та хэрхэн хохирсон тухайгаа мэдээлэл өгөхгүй юу?
-Манай компани “Ноёд констракшн”-ны захиалгаар бариулсан “Сэлэнгэ 888” орон сууны хотхоны Б блокийг өнгөрсөн жил барьсан юм. Тухайн үед хэв хашмалыг өөрийнхөө мөнгөөр түрээслэж барьсан юм. Гэтэл дараа нь түрээсийн мөнгө болох 10 гаруй сая төгрөгийг нэхтэл өгөөгүй. Үүнээс хойш жил гаруйн хугацаа өнгөрлөө. Хэрэв тэр мөнгийг авсан бол өдийд хэд болж өсөх ч байсан юм билээ. Мөнгөний асуудлаас гадна манай компанийн нэрээр бүхэл бүтэн нэг барилга барих зөвшөөрөл авчихсан асуудал байгаа юм. Тодруулбал, “Сэлэнгэ 888” хотхоны А блокийг манай компанийн нэрээр ажиллах зөвшөөрөл авч, улсын комисст хүлээлгээд өгчихсөн байсныг мэдсэн. Өөрөөр хэлбэл огт бариагүй барилгыг манай компаниар бариулсан гээд хууль бусаар бичиг баримт бүрдүүлээд бариулчихсан байсан. Тэгээд зөвшөөрлөө авмагц хамтдаа хууль бус баримт бүрдүүлж, хууль зөрчсөн инженерээ ажлаас нь халчихсан гэсэн.
-А блокийг ямар барилгын компани барьсан юм бэ?
-Хоёр жилийн турш есөн шидийн компани, хүмүүсээр бариулж дуусгасан юм билээ.
-Хэн компанийн тань нэрийг ашиглан ийнхүү хууль зөрчсөн бэ?
-Одоогоор “Ноёд” констракшны захирлаар ажиллаж байгаа С.Билэгт гэж хүн. Уг нь хамтран ажиллаад нэг блокийг нь бариад л өгсөн юм. Гэтэл манай компанийн тамга тэмдгийг тэгээд ашиглачихна гэж ёстой мэдээгүй.

-Та тамга тэмдгээ шилжүүлсэн гэсэн үг үү? Хэрхэн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн юм бол?

-Компанийн тамга, тэмдэг надад байсан. Гэтэл хууль бусаар бүрдүүлсэн бичиг, баримтад манай компанийн тамга, тэмдгийг хуурамчаар дарсан байна лээ. Өөрөөр хэлбэл гэрээн дээр манай компанийн тамгыг скайнердаж ашигласан нь тодорхой.

-Та хуулийн болон мэргэжлийн байгууллагуудад энэ тухай мэдэгдсэн үү?

-Би олон ч байгууллагын хаалга татаж, үнэн мөнийг олохоор явж үзлээ. Харин одоо үед мөнгөтэй хүний талд хууль үйлчилдэг болчихсон юм байна гэдгийг ойлгоод сууж байна. Манай байгууллагын нэрээр барилга барих зөвшөөрөл авсан гэдгийг мэдмэгцээ би мэргэжлийн хяналтын газар, ерөнхий төлөвлөгөөний газарт мэдэгдэж, өргөдөл, албан бичиг /хэрхэн хууль зөрчсөнийг илчлэх бүх баримт өөрт нь бий гэв/ хүргүүлсэн. Гэтэл аль байгууллага нь ч хариу ирүүлээгүй, энэ асуудлыг хайхралгүй, анзаараагүй мэт өнгөрсөн. Харин хожим нь мэргэжлийн хяналтынхныг С.Билэгт аль хэдийнээ мөнгөөр худалдан авч, амыг нь тагласан болохыг мэдсэн. Бас саяхан би архив дээр очиж баримт шүүж үзсэн юм. Гэтэл улсын комисст хүлээлгэн өгсөн барилгын материал дунд тэр А блокийн барилгын тухай мэдээлэл байхгүй байна лээ. Хууль бус учраас төв архивт бүртгүүлээгүй байгаа юм.

-С.Билэгт гэж хүнтэй уулзаж, учрыг тодруулсан уу?

-Тэр С.Билэгт гэдэг хүн олон хүнийг залилаад үнэхээр гаршчихсан хүн байна лээ. Ямар учраас компанийн нэрийг ашиглаж луйвар хийснийг асуухад тоох ч үгүй инээгээд л сууж байсан. Би хуулийн дагуу хөлөө хүрэх газраа хандаад амжилт олохгүй гэдгээ мэдмэгц С.Билэгтэд “Хууль бус үйлдлийг чинь хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, интернэтээр нийтэд цацах болно” гэсэн. Гэтэл С.Билэгтийн менежер залуу болох н.Магнай хэдэн цагдаа дагуулж ирж намайг сүрдүүлсэн. Үнэндээ С.Билэгтийн гарт цагдаа, хүчнийхэн хүртэл орсон юм билээ. С.Билэгтийн тухай сонсоод байхад нилээдгүй хүнийг залилсан гэсэн. “Ноёд” констракшны захирал Г.Буяндоржийн эд хөрөнгийг нь булааж авчихаад, хариуд нь шоронд хийлгүүлчихсэн байгаа гэнэ лээ. Г.Буяндоржийн унах унааг нь хүртэл дээрэмдсэн гэсэн шүү. Хачирхалтай нь хулхидуулсан хүн шоронд ороод, хулхидсан хүн дахин залилангаа хийгээд эрх чөлөөтэй явж байдаг юм байна. Манай хууль ингээд л замбараагүй утгагүй болчихоод байна. Бас өмнө нь барилгыг нь барьж байсан н.Энхболд гэж залуу 80 сая төгрөгөө авч чадахгүй байгаа гэсэн.