Энэ сарын 12-нд буюу баяр наадмын сүүлийн өдөр гол усанд осолдож эндсэн иргэдийн тоо огцом нэмэгдэж хоногийн дотор 12 хүн нас баржээ. Ийнхүү хоногийн дотор усанд үйж, живж нас барсан зарим иргэдийн чухам хаана эндсэнийг тодруулбаас:

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3-р багийн харьяат 39 настай эрэгтэй А Аварга нууранд...

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат хоёр настай Б хүү Хараа голд...

Ховд аймгийн Булган сумын оршин суугч 19 настай эрэгтэй Б Булган голд тус тус энджээ.

Улаанбаатар хотын харъяат 28 настай У Төв аймгийн Лүн сумын нутаг дахь Их гүүрний амаар урсах Туул голын усанд эндсэн ч цогцос нь олдоогүй юм.

Мөн өчигдөр “Туул голд 2 хүүхэд унаад олдохгүй байна” гэх мэдээлэл нийгэмд түгсэн. Тэд Орхон аймгийн Баян-Өндөр суманд суух 13 настай охин Н, 10 настай хүү Х нар байжээ. Гачууртын Цэцэгийн хүлэмжний орчимд живж нас барсан байна.

Түүнчлэн Говь-Алтай аймгийн Бигэр суманд бага насны хоёр хүүхэд гүнзгий ус руу үсэрч мөн амиа алдсан хэрэг гарчээ.

Хамгийн гол нь баяр наадамтай золгосон энэ өдрүүдэд эцэг эхчүүд найр наадам хэсэж үр хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сулруулснаас ийнхүү бага насны хүүхдүүд усанд унаж эрсдэх тохиолдол ихсэж байгааг дурдах нь зүйтэй юм.

Тиймээс эцэг эх, асран хамгаалагч нарт хандан хэлэхэд нэг өдрийн найр наадамд хамаг ухаанаа тавьснаас нэг насны гашуун зовлонд унаж байхаар амралт зугаалга хавтгайрсан энэ өдрүүдэд харин ч ар гэрийхэндээ илүүхэн анхаарал хандуулж байваас хожмын гэмшлээс сэргийлж чадахыг тунгаан бодох буй заа.