Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд амжилттай барилдан улсын заан, харцага, начин цол хүртсэн хилчин тамирчиддаа ХХЕГ-ын удирдлагууд хамгийн түрүүнд буюу долдугаар сарын 14-ний өдөр хүндэтгэл үзүүллээ. Хүчит 1024 бөх барилдсанаас Хилийн 0101 дүгээр ангийн тамирчин Б.Пүрэвсайхан, долоо давж улсын заан цол, Хилийн 0277 дугаар ангийн тамирчин Д.Бат-Эрдэнэ зургаа давж улсын харцага цол, Хилийн 0165 дугаар ангийн тамирчин Б.Баатарцол, Хилийн 0257 дугаар ангийн тамирчин Б.Ганхуяг, Хилийн 0253 дугаар анги “Хилчин” спорт хорооны тал хээрийн бүс хариуцсан дасгалжуулагч, зааварлагч хошууч Л.Батзориг, мөн ангийн тамирчин Ч.Батчулуун нар улсын начин цол хүртсэн юм. Мөн үндэсний сурын харваанд “Хилчин” спорт хорооны тамирчин зааварлагч, дэслэгч Б.Ёндон дэд байр эзэлж хилчин дайчид хиймортой сайхан наадлаа. Наадмын өмнө “Хилчин” бөхийн гал уламжлал ёсоороо Бугын сангийн аж ахуй дахь “Хилчин” цогцолборт бэлтгэлээ базаасан байна.