Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн эмч нар  өнгөрөгч  пүрэв гаригт шинээр томилогдсон  даргаа эсэргүүцэн суулт хийсэн. Эмч нар  төлөвлөгөөт бүх хагалгааг хийхгүй гэдгээ мэдэгдсэн билээ.

Тодруулбал, өнгөрсөн сарын 23-нд Эрүүл мэндийн сайд тушаал үйлдэж, ГССҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Л.Жамбалжавыг ажлаас нь чөлөөлжээ. Харин түүний оронд тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга  Ч.Энхбаярыг томилсныг эсэргүүцсэн эмнэлгийн эмч, ажилтнууд ийнхүү ажил хаялт зарласан юм.

Харин  эл асуудлаар салбарын сайд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, ГССҮТ-ийн эмч нарын төлөөлөл оролцсон гурван талт уулзалт өчигдөр хийж, эмнэлгийн даргын дахин сонгон шалгаруулалт явуулахаар болжээ. Тиймээс суулт зарлаад  байсан эмч, эмнэлгийн ажилтнууд өнөөдрийн байдлаар ажлаа хэвийн явуулж, төлөвлөгөөт болон яаралтай мэс заслууд хэвийн хийгдэж байна.

Өчигдөр болсон уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Н.Удвал “ГССҮТ-ийн зүгээс нэгнээ муулсан бичиг их ирсэн. Тиймээс би гаднаас хүн ажиллуулах нь зөв юм байна гэдэг байр суурьтай болсон учраас Ц.Энхбаяр эмчийг томилсон. Түүний хувьд хамт олныхоо дунд хүлээн зөвшөөрөгдсөн, мэдрэлийн мэс заслын эмчээр олон жил ажиллаж, Монголын мэдрэлийн мэс заслын нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж байгаа хүн” гэх тайлбарыг хийсэн юм.

Х.Даваанаа