УИХ-ын нэгдсэн чуулган 21:40 цагт эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын 64 гишүүн санал хураалтад оролцсноос 61 буюу 95.3 хувь нь дэмжснээр У.Хүрэлсүхийг Шадар сайдаар, Ж.Мөнхбатыг ЗГХЭГ-ын даргаар, Д.Оюунхоролыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилов. Мөн УИХ-ын 64 гишүүн санал хураалтад оролцсноос 58 буюу 90.6 хувь нь дэмжснээр Б.Бат-Эрдэнийг Батлан хамгаалахын сайдаар томилсон. Үүний дараа Гадаад харилцааны сайдад Ц.Мөнх-Оргилыг томилох эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Оюундарь: Би ч гэсэн Гадаад хэргийн дэд сайдаар ажиллаж байсан болохоор зовлон жаргалыг мэднэ. 1993 оноос хойш Монгол АПЕК-т гишүүнээр элсэхээр хичээж байгаа. Үүнд анхаараарай. Хоёр хөрштэйгээ хөгжүүлж байгаа харилцаа манай салбарын тэргүүлэх чиглэл тул анхаараарай.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Гадаад харилцааны яам Ерөнхийлөгчийн яам биш. Монгол улсыг дипломат журмаар олон улсадд төлөөлнө шүү. Би ажлыг чинь очиж шалгана. Болохгүй бол огцруулна гээд явна шүү.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Гадаад худалдаан дээр ямар бодлого баримтлах вэ? Хоёр хөршийн бодлогод онцгойлон анхаармаар байна. Бидний эдийн засгийн хөгжлийн гол суурь гэж харж байгаа. Шанхайн олон улсын хамтын ажиллагааны ОУБ-д манайх орох уу? Төвийг сахьсан бодлогын талаарх таны бодол? Дипломат харилцааг иж бүрнээр нь хармаар байна. АСЕМ-ын хуралд УИХ-ын нэг ч гишүүнийг оруулсангүй. Дөрвөн жилийн холбоо сүлбээг бодож оруулах байсан. Иймээс үүнд анхаараарай. “Би”-ээр өвчилсөн Гадаад хэргийн сайдтай байж болохгүйг бид харлаа.

Нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Захиа даалгаварыг хүлээж авлаа. Гадаад худалдааг ашиглан эдийн засгийг сэргээхэд анхаарах болно. Шанхайн хамтын ажиллагаанд элсэх урилга хүсэлтийг манайд удаа дараа ирсэн. ҮАБЗ, УИХ асуудлыг хэлэлцэнэ. Төвийг сахих бодлогод эрдэмтэд 50/50 хувиар санал зөрж байгаа. Олон асуудал хөндөгдөх учраас ҮАБЗ-д хэлэлцэх хэрэгтэй.

 

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Ц.Мөнх-Оргилыг Гадаад харилцааны сайдад томилох эсэхэд санал хураасан. Санал хураалтад УИХ-ын 63 гишүүн санал хураалтад оролцсноос 59 буюу 93.7 хувь нь дэмжснээр Ц.Мөнх-Оргилыг Гадаад харилцааны сайдад томилов.

 

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын намтар: Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1964 оны 10 дугаар сарын 18-нд төрсөн, эхнэр, хоёр хүүхэдтэй. Нийслэлийн 10 жилийн 23 дугаар дунд сургуулийг 1982 онд, Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр 1988 онд, АНУ-ын Харвардын их сургуулийн Хуулийн сургуулийг 1996 онд тус тус төгссөн. Орос, англи, франц хэлтэй.