УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын үүрэгт ажлыг хүлээж аваад байгаа билээ. Түүний тухайд уг салбарт 1 жил сайдаар ажиллаж үзсэн удаатай. Гэхдээ 2014-2015 онд ажиллахдаа хийж хэрэгжүүлсэн ажил гэхээсээ хэл ам дагуулсан нь олон гэдгийг эргэн сануулахад гэмгүй биз. Тэрчлэн алдаагаа дахин бүү давтаасай гэдэг үүднээс тэр талаар нь сөхөн өгүүлэх нь илүүц болохгүй болов уу.

Д.Оюунхорол гишүүн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болоод 100 ч хоноогүй байхдаа бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт нэрийн дор олон хүнийг ажлаас халлаа хэмээн ажилчид нь хэвлэлийн хурал зарлан эсэргүүцлээ илэрхийлж байсан юм. Ажилгүй болсон 60 гаруй албан хаагчид хэвлэлийн хурал хийж сайд нь тэднийг “Өөрсдөө өргөдлөө өгөөд гарцгаа. Ямар намын хүн сайд болсныг мэдэж байгаа биз дээ” хэмээн загнасан талаар хэлж ярьж байв.

Түүнчлэн шинээр яаманд ажилд оруулсан 50 хүнийг Д.Оюунхорол сайдын нутаг Завханаас, намын харъяаллаар сорчилж оруулсан тухай хэвлэлүүд мэдээлж байсан юм.

2015 оны хоёрдугаар сарын 27-нд гаргасан Д.Оюунхорол сайдын тушаалын дагуу Усны сав газрын 17 даргыг ажлаас чөлөөлжээ. Оронд нь аймаг, орон нутгийн ИТХ, намын идэвхтэй гишүүдийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.Энэ мэтчилэн халагдсан 60 гаруй албан хаагч нар нийлж Д.Оюунхорол сайдыг захиргааны хэргийн хариуцагчаар татан шүүхэд өгөх гэж буйгаа мэдэгдэж байсан юм. Дээрх ажлаас чөлөөлсөн тушаалууд хууль эрх зүйн хувьд чадамжгүйгээр барахгүй сайдын албан тушаалаа ашиглаж хууль зөрчсөн үйлдэл гэж тэд үзэж байгаагаа хэвлэлийнхэнд дуулгаж байсан юм.

Тухайлбал, Идэр голын сав газрын дарга асан Г.Төрмөнх хэлэхдээ “Төрийн албыг хэтэрхий улстөржүүлж, албан тушаалыг намын нүдээр харсан томилгоо гэж үзэж байгаа. Учир нь бидний оронд түр орлон гүйцэтгэгчээр тавигдсан хүмүүсийн олонх нь тухайн орон нутгийн ИХТ, намын идэвхтэй гишүүд, дарга. Зөвхөн биднийг хууль бусаар халаад зогсохгүй мэргэжилтнүүдийг маань халж, солих ажил эхэллээ” хэмээн хэлж байсан бол Таац голын сав газрын дарга асан Ц.Дамдинсүрэн “Хүний амьдрал хойно банкны зээлтэй гэх мэт асуудалтай л байж таарна. Гэтэл гэнэт халагдсаны мөнгө олгоно гээд л мэргэшсэн ажлаас нь халчихаж байгаа нь төрийн бодлогын өнөөгийн дүр төрхийг харууллаа” хэмээн байр сууриа илэрхийлж байв.

Тэгэхээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар ганц жил ажиллахдаа энэ мэт асуудалд орооцолдож байсан эрхэм сайд Д.Оюунхорол та ирэх дөрвөн жилд төрийн хүн шиг хариуцлагатай ажиллавал зүгээрсэн дээ.

Эх сурвалж: Шуурхай.мн