Шинэ парламент ажилдаа ханцуй шамлан орж үүр цайтал чуулганаа хуралдуулсаар сайд нараа томилсон. Өдгөө дөрвөн сайдын нэрс яригдаж намын суудлын бялуу хуваалд дуусаагүй байгаа билээ. Энэ долоо хоногтоо багтааж үлдсэн сайдуудын асуудлыг шийдэх ёстой. Гэтэл МАН сайд болгох хүмүүсийнхээ нэрийг ихэд нууцалж буй гэнэ.

Тус нам 11 сайдаа томилохдоо олонхид нь давхар дээл өмсүүлчихсэн. Харин дөрвөн сайдын тухайд, хамгийн анх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Барилга, хот байгуулалтын сайдад Г.Өнөрболор, Эрчим хүчний сайдад Ц.Цэнгэл, Эрүүл мэндийн сайдад Ж.Цолмон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Ц.Анандбазар нарыг нэр дэвшүүлэхээр зэхээд байсан ч АТГ-аас дээрх нэр дэвшигчтэй холбоотой албан бичиг ирүүлснээр түдгэлзүүлсэн юм.

Тэгвэл тэдний оронд Эрүүл мэндийн сайдад Хавдар судлалын үндэсний төвийн захирал Л.Төмөрбаатар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад дэд сайд асан Ж.Сауле, Эрчим хүчний сайдад МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга, Барилга, хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын нэр яригдаж эхлэв. Түүнчлэн Эрүүл мэндийн сайдад Ж.Цолмонг дахин дэвшүүлэхээр болсон. Гэвч өдгөө Ерөнхийлөгчид өргөн барих нэрээ нууцалж задруулахгүй байгаа бололтой.

Ерөнхийлөгч өнөөдөр Улаанбаатарт ирэх бөгөөд түүнд албан бичиг гардуулах хүртлээ МАН-ын Удирдах зөвлөл шийдвэрээ нууцлахыг хүсч байгаа нь олны анхаарлыг ихэд татаж байна. Уг нь сайдуудыг МАН л шийдэх асуудал юмсан.