Өнгөрсөн зургаадугаар сарын сүүлээр шахааны бизнест тамирдсан Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын эзэмшдэг 49 хувийг монголчууд авах болсон тухай сайхан мэдээг бид сонсч хөл хөөрцөг болж байсан.

Гэтэл үүний дараа энэхүү 49 хувийн талаар намууд сонгуулийнхаа хар пиар болгон ашиглаж ээлж дараалан хачирхалтай мэдэгдлүүдийг ар араас нь хийж олон нийтийн урмыг хугалах болсон. Яг үнэндээ яагаад Оросын талын эзэмшдэг байсан 49 хувийг монголчууд авч болохгүй гэж ярих хүн ч олон байна. Угтаа бол номхон тэмээ ноолоход амар гэгчээр өмнө нь эрх мэдлээ тогтоогоод байсан нөхдүүд тус үйлдвэрийг 100 хувь Монголын талд байлгаж болохгүй гэсэн бодлогыг барьсан хэрэг.
Өөрөөр хэлбэл, тус үйлдвэрийн 51 хувь төрийн мэдэлд байгаа ч 49 хувь нь хувийн хэвшилд очсноор бүх үйл ажиллагаа нь хараа хяналтын дор явагдана гэдгээс тэд айсан хэрэг л дээ. Бүр товчхоноор хэлбэл, улсын өмчийг эзэнгүйдүүлэх тусмаа ашигтай гэсэн санаа 49 хувийг эсэргүүцэх ажлын ард яваад байна гэсэн үг. Яг үнэндээ ганц Эрдэнэт үйлдвэр ч биш маш олон төрийн өмчит үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох гэхээр эзэнгүй болчихдог нь нууц биш.
Тиймээс л тэд Эрдэнэт үйлдвэрийг шахааны бизнесийн “саалийн үнээ” чигээр нь байлгахын тулд ийнхүү үхэлдэж буй хэрэг. Угтаа бол Эрдэнэт үйлдвэрийн бүхий л бизнес улстөрөөс хамааралтай байдаг гэдгийг бид бүгд мэднэ. Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн даргаар ажиллаж байсан олон хүн энэ үйлдвэрээс тэрбумтан болоод Монголын улстөрийн зургийг зуралцах болсон. Тухайлбал, ялсан аль нэг нам нь тус үйлдвэр рүү өөрсдийн хүнээ даргаар илгээж нөгөөх нь араасаа олон мянган чиргүүл дагуулж үйлдвэрийн аль өөдтэй өнгөтэй бүхнийг өөрсдийн болгож гарын үсгээ хэдэн зуун саяар зарж байдаг нь Эрдэнэт үйлдвэрийн эд баялгийг саах наад захын жишээ. Тус үйлдвэрийн ажил гүйцэтгэх гэрээ, тоног төхөөрөмж элдэв янзын бараа бүтээгдэхүүн гээд бүгд шахаа хийх эзэнтэй гэсэн үг. Эцэст нь үйлдвэрт ямар хэрэгцээгүй, зах зээлийн үнээс хэд дахин өндөр үнээр үнэлэгдсэн бэлгэвч мэтийн бараа бүтээгдэхүүнүүд тус үйлдвэрийн агуулахад хог болон хэвтэж байна гэсэн үг юм. Ийм л нөхдүүдийн луйврыг төгсгөл болгох боломж нь ирчихээд байгаа юм. Яг үнэндээ Оросууд өөрсдийн мэдлийн 49 хувиа яагаад монголчуудад зарах болов оо гэдгийг олон судлаачид дүгнэлт хийсэн байдаг. Угтаа бол өнгөрсөн цаг хугацаанд улстөрчид шахааны бизнес хийж өөрсдөдөө асар их ашиг олсон болохоос бус орос ах нар энэ ашгаас хүртэж чадаагүйд учир нь оршиж буй юм. Тиймээс л орос ах нар энэхүү ашиггүй гэх үйлдвэрийг Монголын хувийн хэвшлийнхэнд зарсан гэдгийг дээр дооргүй мэдмээр юм даа. Мэдээж тус үйлдвэр хувьд очлоо гэхэд өөрийн өмч хөрөнгөө гамнахаас эхлээд олон олон шинэчлэлийг хийх нь ойлгомжтой. Үгүй ядаж тус үйлдвэрт орж ирж байгаа “бэлгэвч” хэдэн төгрөгийн үнэтэй, ямар компаниас худалдан авалт хийсэн хэний гарын үсгээр баталгаажсан гээд хөндлөнгийн аудитаар шалгуулж бүх юм нь ил тод болоод зогсохгүй шилэн болох нь дамжиггүй. Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Өмнө нь бол Орос, Монголын хамтарсан төрийн аудитын байгууллага арван жилд нэг удаа шалгалт хийдэг байсан.
Харин жилдээ нэг удаа ордог хөндлөнгийн аудитын байгууллагыг “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийн дарга нар өөрсдөө сонгон шалгаруулдаг байсан юм. ТУЗ гэдэг нь бас л манай төрийн өндөр албан тушаалтнууд л даа. Өөрсдийнх нь зүтгүүлсэн хүн, шахсан бизнес нь тэнд байхад юу боллоо гэж үнэн зөвөөр үнэлүүлж дүгнүүлэх билээ” хэмээн хэлж байв. Ямартай ч өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн аж ахуйн нэгж авснаар урьд хожид идэж уусан олон булхай луйвар илрэх учраас дээр дооргүй сандралдаж “Эрдэнэт” үйлдвэрээр нэг нааш холхисон эрхмүүдийн цуваа хөвөрч байна. Эцэст нь хэлэхэд орос ах нараас 49 хувийг авсан дотоодын компани хэсэг бүлэг хүмүүсийн дайралтыг няцааж дээр өгүүлсэн идээ бээрийг шахан гаргаж, үйл ажиллагааг нь Шилэн болго гэж л хэлэх байна.