Насжилт нь дууссан 2003 онд үйлдвэрлэгдсэн 12-оос дээш жил ашиглагдсан микро автобусыг өчигдөр буюу наймдугаар сарын 01-нээс эхлэн үйлчилгээнд явуулахгүй болсон. Тодруулбал нийт 350 гаруй микро автобус бүртгэлтэй байдгаас 170 гаруй нь үйлчилгээнд явах эрхгүй болж байгаа юм. Дээрх микронуудыг энэ ондоо багтаан бүгдийг нь үйлчилгээнээс хасахаар болоод байгаа. Үүнийг дагаад микро автобусыг орлох тээврийн хэрэгслийг хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал хариултгүй хэвээр байна. Харин том оврын автобустай чиглэл давхцаагүй, зорчих тээврийн стандартад нийцсэн 45 микро автобус нийтийн тээвэрт үйлчлэх юм байна.

Тодруулбал эдгээр 45 микро автобус нь зайлшгүй нийтийн тээвэр хэрэгтэй, том оврын автобус явах боломжгүй Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Баруун түрүүн, Партизан зэрэг чиглэлүүдэд үйлчлэх ажээ.

Микро автобус нь захын алслагдсан гэр хороололуудын чиглэлд 500-1000 төгрөгөөр явдаг.

Мөн том оврын автобус өглөөний 07 цагаас 22 цаг хүртэл үйлчилгээ үзүүлдэг. Гэтэл иргэдийн хэлж байгаагаар “Автобуснууд 21 цаг гээд бууж байна, явахгүй гэдэг мөн автобус ирдэггүй” хэмээн нэлээд шүүмжилдэг хэвээр байгаа. Том оврын автобуснууд оройн 21 цагаас үйлчилгээнд явах нь эрс багасдаг харин тэрхүү автобусыг орлох микро гэх тодотголтой автобуснуудыг үйлчилгээнээс хасах иргэдийн хувьд хүндрэлтэй асуудал. Иргэд үдэш ажил тардаг, оройтох нь олонтоо харин автобус үйлчилгээ үзүүлдэггүй ч микро автобус шөнийн 00 цаг хүртэл чөлөөтэй явдаг болохоор ихэнх иргэдийн хувьд хэрэгтэй унаа. Хэрвээ микрог явуулахгүй шийдвэр гаргасан бол том оврын автобуснуудынхаа цагийг сунгах, мөн автобусаа нэмэгдүүлэх шаардлагатай нь харагдаж байгаа юм. Угаас микрог орлуулахын тулд автобусаа шөнийн 00 цаг хүртэл явуулдаг болох ёстой.

Микро автобус нь том оврын автобусны ачаанаас үүрэлцсээр ирсэн. Тэд алслагдсан дүүрэгээс ажилдаа ирэх гэж үүрийн 5 жингээр гарч үдшийн бүрийгээр гэртээ ордог иргэдийн хувьд суугаад явж байхдаа анзаарч байгаагүй байж болно. Харин ажилдаа ирэх унаа тэрэггүй болно гэж сонсоод л яана даа гэж төр, засагаа дуудаж ярьцгаадаг. Өнөөдрийн нийгэмд хувь хүн өөрийн тэргээрээ таксинд явах нь ихссэн өнөө цагт километр хүрэхгүй газарт 1500-2000 нэхэх нь энүүхэнд. Иргэдийг мэдэхгүйгээр нь далимдуулан нөгөөтэйгүүр хэл ам хийгээд яах гэхчилэн хандаж давруулан хэлсэн тоогоор өгөөд буугаад сургачихсан. Үүнд анхаарал хандуулж, зогсоох газар гэж огт үгүй. Харин “микро” гэх автобуснууд нэг захаас нөгөө зах хүрэхдээ 500-1000 хооронд л эргэлдэж байдаг. Нөгөөтөөгөөр насжилт дууссан микро автобусыг ашиглалтанаас гаргах нь иргэдийн амь нас, эрүүл мэндийн төлөө хийгдэж байгаа нь зүйтэй ажил ч түүнийг орлох нийтийн тээврийг заавал явуулах шаардлагатай байгаа юм.

Харин халж болох ч орлуулж явах автобусыг хотын захын хорооллоор нэн даруй явуулж эхлэхгүй бол иргэдийн бухимдлыг төрүүлж, өнөө л юу гэхийн аргаггүй чингисийн талбай дээрээ жагсаал зохион байгуулдаг манай улсын иргэд нэг л өглөө сууж байх магадлал өндөр байна.

М.Буянжаргал