Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 8 тоот тогтоолоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг баталсан.

Энэхүү тогтоолоор нийслэлийн удирлагын бүтцийг нийслэлийн Засаг дарга 2 орлогч, 2 төслийн удирдагчтай байхаар баталжээ. Төслийн удирдагчид нийслэлийн Засаг даргын орлогчийн статусаар ажиллах юм.

Уг бүтцийн дагуу нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогчоор НИТХ-ын тэргүүлэгч П.Баярхүүг, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчоор НИТХ-ын тэргүүлэгч Ж.Батбаясгаланг томиллоо.

Харин нийслэлийн Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслийн удирдагчаар НИТХ-ийн төлөөлөгч Ш.Анхмаа, Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслийн удирдагчаар нийслэлийн МАН-ын дэд дарга Д.Энхтөр нарыг томилогдов.